
Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэл ам, хэрэг зөрчил олны анхааралд байсаар буй. Шадар сайд У.Хүрэлсүх тус байгууллагынхаа дарга нартай ямар ч хариуцлага тооцохгүй өдий хүрч байгаа учраас алба хаагчид нь тэсэлгүй түүний нэр дээр өргөх бичиг хүргүүлжээ.
ОБЕГ-ын Хангалт, үйлчилгээний ангийн алба хаагчид захирагч, хурандаа С.Бямбасүрэнтэйгээ хамтран ажиллаж чадахгүй тухайгаа илэрхийлсэн өргөх бичгийг Шадар сайд У.Хүрэлсүхэд өгсөн гэнэ. Харамсалтай нь, Шадар сайд болон ажлын албаныхан нь ямар ч хариу өгөлгүй, арга хэмжээ авалгүй байсаар өдий хүрчээ. ОБЕГ-аас тус ангийн алба хаагчдын дунд судалгаа явуулахад нийт алба хаагчдын 90-ээд хувь нь хурандаа С.Бямбасүрэнтэй хамтран ажиллах боломжгүй гэж хариулсан юм байна.
Гэвч ОБЕГ-ынхан ямар нэг арга хэмжээ аваагүй учраас У.Хүрэлсүхэд хандаад байгаа талаар тус ангийн хэд хэдэн эх сурвалж болон ОБЕГ-ын ажилтнууд мэдээлсэн юм. Хурандаа С.Бямбасүрэн даргатай тус ангийн удирдах албан тушаалтнууд өнгөрсөн жилийн зун Богд хан уулын Жаргалантын аманд алба хаагчдаа цаг наргүй ажиллуулаад мөнгийг нь завшсан байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст бригадын генерал Т.Бадрал, хурандаа Р.Дадам тэргүүтэй хүмүүсийн хамт шалгуулж буй билээ.
Харин Онцгой байдлын алба хаагчид С.Бямбасүрэн У.Хүрэлсүхтэй найз учраас ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байна хэмээж буй.