
Монгол Улсад долоон дархан мэргэн харваач байдгаас тав нь Үндэсний их баяр наадмын сур харваанд оролцох болсон нь урьд өмнө байгаагүй чухал үйл явдал гэдгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны үндэсний сурын харвааны салбар хорооны дарга Б.Хүрэлбаатар онцоллоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 24, 25- нд сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн бөгөөд 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын гарамгай мэргэн Б.Пунсалдулам, эрэгтэйчүүдийнхэд даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр нар 40 сумнаас 38 онон, тэргүүлжээ.
Энэ жил улсын төсвөөс 55 сая төгрөг гарган Үндэсний сурын талбайн баруун хэсэгт 360 хүний суудал шинээр байрлуулж байгаа нь үзэгчдийн тав тухыг хангахад анхаарсных аж. Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос сур харвааны албан ёсны нээлтэд зориулан 4.5 сая төгрөг төсөвлөж, найруулагчаар нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр ажиллаж буй.
Өнөө жилийн сур харвааны гол онцлог нь II, III байранд орсон харваачдад улсын цол олгох юм байна. Үндэсний сурын холбооныхны тооцож байгаагаар энэ жил 1000 орчим харваач цэц мэргэнээ сорих гэнэ.