
МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 26-нд зорчиж явсан иргэний бие гэнэт муудаж, тэнд явсан эмч нар яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварчээ. Бие нь муудсан зорчигчид тусалсан АШУҮИС-ийн Дүрс, оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэгээс зарим зүйлийг тодруулав.
-Та болсон явдлын талаар ярьж өгөхгүй юү?
-Би БНХАУ-д болсон олон улсын хуралд илтгэл тавиад буцаж явсан юм. Гэтэл Бээжингээс онгоц хөөрөхөөс өмнө нэг эмэгтэйн амьсгал бачуурч, ханиалгаж, огиж эхэлсэн. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, эмч Б.Ган-Эрдэнэ бид гурав урд суудалд зорчиж явсан түүнийг ажиглаж байлаа.
Тэр эмэгтэйд онгоцны үйлчлэгч астамын үед хэрэглэх цацлага өгөхөөр нь гайгүй болчих байх гэж бодсон. Харин онгоц хөөрөх үед өнөөх эмэгтэйд цацлага үр дүн өгөхгүй, илүү ханиалгаж эхэлсэн. Тэгэхээр нь бид тусалсан юм. Олон улсын нэршлээр ларингоспазм буюу төвөнх доторх дууны хөвч нь агшиж боодог эмгэг тэр эмэгтэйд илэрсэн.
Амьсгалын дутагдалд орсон, царай нь хөхөрч бөөлжсөн, биеийн байдал нь хүнд байлаа. Яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй учраас гарын доор байсан, амьсгалын замыг тэлдэг гаа өгч үзсэн ч нэмэргүй болохоор нь онгоцны үйлчлэгчид хэлж тусгай цүнтэй, эмнэлгийн тусламжийн багцыг нь авсан.
Зөвхөн эмч нээж болох тэр цүнхэнд чухал тариа, эм байсан. Тариа тарьж, амьсгалын замын булчин сулруулдаг цацлага хэрэглэж, хүчилтөрөгчөөр зохиомол амьсгал хийж, хоёр цаг “ноцолдсоор” байгаад Улаанбаатарт буусан. Ер суух зав байгаагүй.
-Цаг алдалгүй арга хэмжээ аваагүй бол аминд нь аюултай байжээ?
-Тийм ээ. Ларингоспазм нь маш аюултай, олон шалтгаантай. Анхан шатны тусламж хүрэхгүй удах, буруу тусламж үзүүлбэл дууны хөвч нь боогдон амьсгалж чадахгүйд хүрч, амиа алдах аюултай. Бүр эцсийн арга нь цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж амьсгалуулдаг.
-Тэр эмэгтэйн ийм өвчинтэй байгаад онгоцод суух үед нь сэдэрсэн гэсэн үг үү?
-Тэрийг сайн мэдэхгүй. Тэр хүн өөрөө ярьж чадахгүй хүнд байсан. Хамт явж байсан хүн нь “Онгоцны буудалд алимны жүүс ууснаас харшилчих шиг боллоо” гэж байсан. Тиймээс харшлын гаралтай ларингоспазм байсан.
-Хүний амь аврах нь эмч хүний эрхэм үүрэг, бас бахархал. Та тухайн үед сандарсан уу?
-Дүрс оношилгооны эмч учраас амьсгал бачуурах эмгэгээс хол шүү дээ. Гэхдээ эмч хүн ямар ч нөхцөлд анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Онош нь тодорхой, ямар арга хэмжээ авахаа мэдэж байсан учраас сандраагүй ээ. Мэс заслын туршлагатай эмч ч дэргэд байлаа.
Гол нь хугацаа алдах вий гэхээс л жаахан эмээсэн. Онгоцноос бууж ирээд л фэйсбүүкэд бидний тухай бичиж, олон хүнд хүрснийг мэдсэн. Биднийг онгоцноос буухад түргэн тусламжийн эмч ирчихсэн хүлээж байсан өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн.