
Канад улс тунхагласны 150 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамнаас “Охид, эмэгтэйчүүдийн эрх-тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг нийтлэлийг 1000 ам.доллароор урамшуулж, “Балдорж” сантай хамтран ажиллахаар болов. БАЛДОРЖ шагналын энэ улирлын шалгаруулалтын шүүгчдийн багийн хуралд тус ЭСЯ-ны төлөөлөл оролцож, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.
Тус яамны гадаад бодлого, дипломат албаны ажилтан С.Мөнхзул “Канадын Засгийн газар охид, эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, тэднийг чадавхжуулах үйл хэрэгт онцгойлон анхаарч, энэ чиглэлээр олон ажил зохион байгуулдаг. Мөн Монгол Улсад хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Канадын Засгийн газар хэрэгжүүлэх хөтөлбөрөө жил бүрийн дөрөвдүгээр сард баталдаг учраас бид энэ үед хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа юм” гэлээ.
“Охид, эмэгтэйчүүдийн эрх-тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд сэтгүүлчдийн бүтээл туурвилаар дамжуулан Монгол Улсад энэ талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн бусад орон, тэр дундаа Канад улсын туршлагаас суралцах, арга замыг хөндөх агуулга бүхий нэг төрлөөр БАЛДОРЖ шагнал баяжиж буй юм.
Монголын сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа нь нэгэнт тогтворжиж, залуу сэтгүүлчдийг хөгжүүлэх үйл хэрэгт бодитой дэмжлэг үзүүлж ирсэн “Балдорж” сан, манай хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урамшуулахыг чармайж буй Канад улсын Элчин сайдын яамны зорилго ийн нэгдэж байна.
Охид, эмэгтэйчүүдийн хэмээн тодотгож буй эл сэдвийн хүрээнд зөвлөх, зөвлөгөө авах, санал солилцоход тус Элчин сайдын яам нээлттэй байх болно гэв.