
Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үеэр эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Зам, тээврийн сайд асан А.Гансүх, “Samsung C&T” компанийн захирал Ли Жонг Ёл тэргүүтэй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд буй.
Нийслэлийн прокурорын газрынхан эл хэргийг шалгаж дуусаад, Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн тавдугаар сарын 12-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тус хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй хэмээн нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна.
Эл шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр Зам, тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээж авсангүй. Ингэснээр тэдэнд холбогдох хэргийг дахин мөрдөх боллоо.