
ГССҮТ-ийн эмч нар Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийд ороод Улаанбаатар руу ирэх замдаа буюу Элсэн тасархай орчимд энэ сарын 2-ны 15.00 цагийн үед зам, тээврийн осолд өртжээ. Тэднийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаанд явж байгаад осолдсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байв.
Тус эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, зөвлөх эмч Б.Бүргэд нар өчигдөр энэ талаар мэдээлэв. “Баяр ёслолын үеэр эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг учраас бид алжаал ядаргаагаа тайлах зорилгоор хамт олноороо салхинд гарсан юм. Бид том оврын автобусаар, зарим эмч гэр бүлийнхээ хамт суудлын машинтай явсан.
Харамсалтай нь, жуулчид тээвэрлэсэн дунд оврын автобусны жолооч урсгал сөрж, манай эмч нарын сууж явсан “Приус” маркийн машиныг мөргөж, бидэнд хохирол учрууллаа. Нэг эмч маань хавсарсан хүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Гурван эмч энгийн тасагт хэвтэж байгаа бол нэг нь өчигдөр мэс засал хийлгэлээ. Биеийн байдал нь тогтворжоод ирэхээр дахин мэс засалд орох юм. Эмч нарын биеийн байдал хүнд байхад энэ явдлыг улстөржүүлэхгүй байхыг хүсье. Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгуулийн ажилд явсан гэх мэдээлэл ор үндэсгүй” гэв.
Машинд гурван эмэгтэй, хоёр эрэгтэй эмч явж байжээ. Жолоо барьж явсан эмчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэрбээр тус эмнэлэгт 20 орчим жил ажиллаж буй туршлагатай мэс засалч гэнэ. Осол гарах үед хамт байсан эмч нар нь цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлж, Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж, шаардлагатай арга хэмжээ авчээ. Жуулчид авч явсан автобусны жолооч зүүрмэглэсэн учраас осол гаргасан гэж эмч нар хэлсэн бөгөөд зорчигчид нь гэмтээгүй байна.