
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болохтой холбогдуулан нийслэлийн Тээврийн газрынхан нийтийн тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмэгдүүлэхээр болжээ. Мөн үйлчилгээг хэвийн явуулах үүднээс зарим зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, үндсэн 88 чиглэлийн 892 автобусыг ажлын өдрийн хуваарийн дагуу буюу 06.30-23.00 цаг хүртэл явуулах аж. Энэ өдөр иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс их багтаамжийн 794, угсраа 14, троллейбус 30, дунд багтаамжийн 33 автобус үйлчилгээнд гаргах гэнэ.
Харин туслах тав, зуслангийн гурав, шөнийн тээврийн гурван чиглэлд ажлын өдрийн цагийн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүд үйлчилнэ. Уг нь амралтын өдрийн хуваариар бол автобус 08.00 цагт үйлчилгээнд явж эхлэх ёстой юм.
Дашрамд дуулгахад, таксины үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллага 555 тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх юм байна.