
Солонгосын цагаар 10.45-д М.Номин-Эрдэнэ мэс заслын өрөө рүү явлаа
2017 оны долдугаар сарын 6-ны пүрэв гаригийн 14.40 цаг. Монгол Улс, Улаанбаатар хот
“Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга, ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ яг одоо эхний мэс засалдаа орж байна” гэсэн мэдээ Солонгосоос ирлээ. БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны арьс нөхөх хагалгаанд орохоор зургадугаар сарын 16-нд ээжийнхээ хамт эх орноосоо мордсон тэрбээр өнөөдөр ийнхүү хүсэн хүлээсэн эмчилгээндээ орж байна...
“Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн дунд охин М.Номин-Эрдэнийн эмчилгээний төлбөрийг ард түмний хандиваар бүрдүүлсэн билээ. Тиймээс нийт монголчуудынхаа өмнөөс М.Номин-Эрдэнэдээ хагалгаагаа амжилттай дуусгаад, эрүүл энх эх орондоо хурдан ирэхийг хүсэн ерөөе” гэсэн постыг нүүр номд оруулснаас хойших гурван цагийн дотор маш олон хүн эрхий хуруугаа гозойлгон, зүрх илгээж, бас бусдадаа түгээсэн байлаа.
Эх орноо мөнгөөр солиогүй “алтан охин” Анхаадаа тэвдсэн үед нь тэвнээр ч болтугай тусалъя гэсэндээ дүү охиныг нь уг эмчилгээнд явуулахын тулд монголчууд эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн учраас ийн сураг чимээ тавилгүй яах вэ. “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” хандивын аянд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас гээд Монголын төлөө гэсэн халуун цустай, халгих зүрхтэй бүхнийг хөдөлгөж, нэгтгэж чадсаны ачаар есөн сарын турш гүн түлэгдлийн шарх сорвиндоо шаналж байсан охин эмчилгээнд явсан юм.
Хэн хэнээс илүүтэй ач охиноо энэ өдөр хүсэн хүлээсэн мэс засалдаа орж байгаад баярлаж талархах, эмээж түгшихийн аль алиныг зэрэг мэдэрч, дотроо “тэмцэлдэж” буй нэг хүн Монголд байгаа нь түүний авга эмээ Д.Долгорсүрэн гуай. “Ээж өглөөнөөс хойш л хангай дэлхийд цай, сүүнийхээ дээжийг өргөж, уншдаг тарниа амандаа хэлж, эрхиэ эргүүлэн суусаар байгаа. Бидэнд шууд хэлэхгүй ч дотроо хэцүү л байх шиг байна” хэмээн охин Ч.Отгончимэг (Ч.Мөнхжанцангийн эгч) нь ярилаа. Анхаа эгчтэйгээ Төрхурахын аманд бэлтгэлд гараад байсан М.Оюун-Эрдэнэ хотод ирчихсэн гэнэ. Гэхдээ М.Эрдэнэбат тэр хоёр айлын бага хүүхдүүд учраас эмээгийндээ, авга нарынхаа хараа хяналтад байгаа аж.
2017 оны долдугаар сарын 6-ны пүрэв гаригийн 15.40 цаг. Бүгд Найрамдах Солонгос улс, Сөүл хот
Өглөө 11.00 цагт эхний эмчилгээ буюу хүзүү, цээжний хэсэгт арьс нөхөх мэс засалд орсон охиноо хүлээн “Ханган сү” эмнэлгийн мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөнд Д.Мөнхчимэг эгч орчуулагчийнхаа хамт суусаар л. М.Номин-Эрдэнийн мэс засал 5-6 цаг үргэлжилнэ гэж “Ханган сү” эмнэлгийн эмч нар хэлсэн тухай тэрбээр дуулгав.
Арьс нөхөх мэс заслын хажуугаар охины баруун гарын түлэгдсэн арьсыг бас лазераар эмчлэх гэнэ. Үүнээс 21-28 хоногийн дараа эрүү, шанааных нь түлэгдсэн арьсыг нөхөх мэс засал хийх бөгөөд энэ үедээ гарыг нь дахин лазераар эмчлэх аж. Тэгсний дараа баруун гарт нь арьс нөхөх мэс засал хийх, эсэхээ шийдэх юм байна.
Ээж, охин хоёр Солонгост очоод хэдийнэ 21 хоног өнгөрчихсөн тул нислэгийн тийзээ дахин нэг сараар сунгуулах хэрэгтэй болжээ. Хоёр долоо хоногийн өмнө мэс засалд орох төлөвлөгөөтэй очсон ч уушгины асуудлаас болоод эмнэлгээсээ гарч, өөр газарт дахин нарийвчилсан шинжилгээ өгч, азаар хариу нь нааштай байсан тулдаа зорьсон эмчилгээндээ орж буй гэх мэтчилэн өнгөрсөн хугацаанд тэд багагүй “адал явдал” туулжээ. Тэнд ажиллаж, амьдарч буй монголчууд ч чадах чинээгээрээ манай хоёрт туслахыг хичээж буй гэсэн.
2017 оны долдугаар сарын 6-ны пүрэв гаригийн 11.10 цаг. Исламын Бүгд Найрамдах Афганистан улс, Кабул хот
Афганистан улс Монголоос гурван цаг 30 минут, Солонгосоос дөрвөн цаг 30 минутын зөрүүтэй. Манайд жин үд хэдийнэ өнгөрчихсөн байхад тэнд дөнгөж бага үд эхэлж буй ийм нэг цаг дор тэнд үүрэг гүйцэтгэж буй Ч.Мөнхжанцан дэд хурандаатай чатаар холбогдох завшаан олдов. Охиноо маргааш (өчигдөр) мэс засалд орно гэж бодохоос нойр нь хулжин, элдвийг бодож хоносон гэнэ.
Аав нь өглөө босонгуутаа охиныхоо нэгэн сайхан зургаар фэйсбүүкийн нүүр зургаа сольсныг анзаарав. Тэр нь М.Номин-Эрдэнийн өнгөрсөн жил Хүндийг өргөлтийн өсвөрийн УАШТ-д оролцож байх үеийн зураг аж. Тэр хүнд штангийг сэвхийтэл өргөдөг шигээ мэс заслаа ч бас амжилттай даван туулаасай гэж аав нь холоос дотроо залбирч суугаа нь дамжиггүй...
Тэрбээр энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан тул урьд орой нь 20 ам.доллараар дата авч нөөцөлжээ. “Номиог мэс засалд орсон хойгуур ханьтайгаа байнга холбоо барьж, нөхцөл байдлыг тухай бүрт нь мэдэж байхыг хүссэн учир яг энэ мөчид зориулан дата худалдаж авсан. Гэнэтийн ажил гарчихгүй л бол ах нь мэс засал дуустал утаснаасаа салахгүй гэсэн бодолтой байна” хэмээх энэ аавын сэтгэл тэр холоос яаж донсолж байгаа нь илт.
Зөвхөн Ч.Мөнхжанцан ч гэлтгүй, Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй V ээлжийн Монголын цэргийн багийнхан тэр аяараа охиных нь төлөө сэтгэл зовнин, орж, гарах болгондоо “Одоо яаж байна гэнэ” хэмээн асууж шалгааж буй гэнэ. Афганистан, Өмнөд Судан улсад энхийг сахиулж буй Монголын цэнхэр дуулгатнуудаас гадна Америк, Итали зэрэг оронд ажиллаж амьдарч буй монголчууд М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардалд хандив өргөснийг манай уншигчид санаж буй биз ээ.
Монголын цагаар 17.15-д М.Номин-Эрдэнэ мэс заслын өрөөнөөс гарч ирсэн тухай ээж нь дуулгалаа. Охины мэс засал амжилттай болсон гэдэг баярт мэдээг тив тивийн монголчууддаа сонордуулахад таатай байна.