
Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэхэд хуушуур борлуулах 400 цэгийн зөвшөөрлийг холбогдох байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон. Баяр наадмын өдрүүдэд Цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийж, иргэдэд үйлчилсэн нэгнээс хуушуурын борлуулалт ямар байсан талаар тодруулахад “Өнгөрсөн жилийнхийг бодвол энэ жил хуушуур их сайн зарагдлаа. Тэр дундаа бидний хийсэн хуушуурыг жуулчид их худалдан авч, амтыг нь сайнаар үнэлсэн. Манайх таван ажилчинтай, наадмын гурав хоногт найман мянга гаруй хуушуур зарж, найман сая төгрөгийн орлоготой ажиллаа” гэв. Наадмын гурван хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнд аж ахуйн нэгжүүд нийт 900 мянга орчим хуушуур зарж, 820 гаруй сая төгрөгийн орлого олжээ.
Дашрамд дурдахад, Туул голын эрэг дагуу иргэд нийтдээ 50 орчим цэгт хуушуур хийж зарсан бөгөөд өдөрт 350-400-г зарсан талаар тус бүсэд худалдаа хийсэн нэг иргэн хэлэв.