
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нийт ажилтан, ажилчид Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсээ авахад нь зориулж өнөөдөр хандив өргөлөө. Цалингаасаа санаачлагаараа өргөж буй тус компанийннийт 1876 ажилтны мөнгөн хандив нь 46 сая 900 мянган төгрөг болсон юм.
Хандивыг гардуулах үеэр тус компанийн дэд захирал Н.Даваажаргал “Цахилгаан түгээх сүлжээ, онцгой байдлынхан бид хамтын ажиллагаатай байгууллагууд. Гал түймрийг унтрааж, байгаль орчноо авран хамгаалах үйлсэд манай ажилтнууд сайн дураараа нэгдэж, сэтгэл зүрхээрээ хамтарч байна. Энэхүү хандив нь түймрийн голомтод өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах мэргэжлийн алба хаагч, ажилтнуудад сэтгэл санаа, эдийн засгийн дэмжлэг болно гэдэгт найдаж байна. Та бүхний ариун үйлсэд амжилт хүсье” гэлээ.