
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн ардын сайхан үг бий. С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан Монголд консерватори буюу хөгжмийн дээд сургууль байгуулах ажил сүүлийн 20 гаруй жилийн турш алхам алхмаар урагшилсаар эцэст нь зорьсондоо хүрч чадлаа.
Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 24-нд ХБК-ийг Монгол Улсын консерватори болгох шийдвэрийг албаныхан танилцуулж, батламжийг нь гардуулав. Энэ бол тус сургуулийнхан төдийгүй урлагт ээлтэй монголчуудын хувьд гайхалтай, бахархалтай сайхан мэдээ юм. Монголын урлагийн ууган сургууль 80 жилийн ойн босгон дээрээ ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх статустай боллоо.
Өөрийн гэсэн дэг жаяг, сургалттай ХБК-ийг сүүлийн жилүүдэд сонгодог урлагийн өлгий болсон Орос, Францын оюутан, сурагчид хүртэл зорин ирдэг болсон. Тэгвэл өдгөө илүү олон орныхон Монголын консерваторийг зүглэх нь дамжиггүй.
ХБК-ийн хичээлийн эрхлэгч, уран сайхны удирдагч, сургалт эрхэлсэн дэд захирал гээд шат дараалан хариуцлагатай алба хашиж, чухамхүү консерватори болох асуудалтай хамтдаа олон жил “дуншсан”, төгөлдөр хуурын багш Н.Ганчимэг “Хамт олны минь олон жилийн мөрөөдөл биелсэнд туйлаас их баярлаж байна. Бид мэргэжлийн урлагийн байгууллагын боловсон хүчнийг шат дараалсан сургалтаар бэлтгээд 80 жил боллоо.
Үүнээс сүүлийн 11 жилд 400 гаруй мэргэжилтнийг бакалаврын зэрэгтэй төгсгөжээ. ХБК-ийн бааз сууринд тулгуурлан консерватори байгуулах гол чиг шугамаа бид Оросын, тэр дундаа Москва, Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн сургалтад тулгуурлан бэлтгэлээ базааж ирсэн” гэж ярилаа.
Ирэх сарын 1-нээс консерватори хэмээн албан ёсоор нэрлэгдэх, одоогийн ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирал Ц.Шаравцэрэн “Монгол Улс консерваторитой болсон тухай түүхэн шийдвэрийг манай хамт олон гүнээ талархан хүлээж авлаа. Энэ бол Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд улам ойртох бас нэгэн том алхам.
Үүний хэрээр хариуцлага нэмэгдэж байгааг ч багш, сурагч, оюутнууд маань ухамсарлаж байгаа. Эл шийдвэрийг хамт манай сургуульд магистрын сургалтын тусгай зөвшөөрөл олгосон талаараа яамныхан дуулгасан нь давхар баяр боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.