
Төрийн албан тушаал наймаалж, 60 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр завдсан нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хууль, хяналтынхан өнгөрсөн онд шалгасан ч “Бичлэгийг эвлүүлсэн, албан тушаал наймаалцах гэсэн нь тогтоогдоогүй” гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан билээ. Өнгөрсөн зургадугаар сард иргэн Г.Доржзодов эл хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.
Тэрбээр өөрийг нь хороохоор заналхийлсэн хэмээн мэдэгдээд байв. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага түүний байрлаж байсан газар буюу УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийг 24 цагийн хамгаалалтад авсан юм. Нийгэмд үүсэж болох, Г.Доржзодовт учирч болзошгүй аюулын эрсдэл буурсан учир өнгөрсөн долоо хоногт хамгаалалтаа буулгажээ.
Мөн Улсын ерөнхий прокурорын шийдвэрийн дагуу “60 тэрбум”-ын гэх эл хэрэг эрүү үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 22.4.5-т зааснаар дахин шалгахаар болов. Мөрдөн байцаах болон, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг, АТГ, ТЕГ-аас томилогдсон бүрэлдэхүүн хэргийг дахин мөрдөнө. Цагдаагийн байгууллага өнгөрсөн хугацаанд төрийн удирдах албан тушаал хашиж буй 3250 хүнээс тайлбар авчээ.