
Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улиастай хүртэлх хатуу хучилттай 114 км авто замын ажлыг эхлүүлжээ. Энэхүү авто зам долоон метрийн өргөнтэй, таван см зузаан хатуу хучилттай, хоёр талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй байх юм.
БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавьж буй энэхүү авто замыг ашиглалтад оруулснаар нутгийн иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхээс гадна гадаад, дотоодын аялагч, жуулчдын тоо өсөж, аймгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач тустай аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үеэр “Азийн авто замын сүлжээний АН-32 буюу Мянганы замын хэвтээ чиглэлийн нэг хэсэг болох энэхүү авто зам ашиглалтад орсноор завханчууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж, цаашлаад орон нутагт үр өгөөжөө өгнө” хэмээн онцоллоо.
Мөн хамгийн их бартаатай замд тооцогддог Тарвагатайн нуруу, Загастайн давааг дайран өнгөрөх 67 км, хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлээс хэмнэсэн хөрөнгөөр энэ ондоо багтаан тавихаар төлөвлөжээ. Тус зам ашиглалтад орсноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.
Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжаан бэйшин роуд энд бридж групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажиллаж байна.