
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд хагас жилийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж хамрагдсан, хэрэгжилт ямар байгаа талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар цахим төлбөрийн баримтын систем (ЦТБС)-д хэчнээн аж ахуйн нэгж хамрагдаад байна вэ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд буюу өмнөх сарын 31-ний байдлаар цахим төлбөрийн баримтын системд давхардсан тоогоор 78 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн долдугаар сарын эцэст 50 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгүүлээд байсан юм. Одоогоор нийт бүртгэгдэх ёстой аж ахуйн нэгжийн 70 хувь нь НӨАТ-ын урамшууллын системд холбогдож, борлуулалтын орлогоо мэдүүлж байна.
-Бүртгэлд холбогдоогүй үлдсэн компаниудыг хэрхэх вэ?
-Үлдсэн компанийг бүртгэлийн системд холбох ажлыг манайхан зохион байгуулж байгаа. Татварын ерөнхий газрын даргын баталсан тушаал, “Эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу төвлөрсөн том зах, худалдааны төвүүдийг холбохоор нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн гурвадугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг бүртгэлд холбох захирамж, тушаалыг ирэх сараас өмнө батлуулна.
-Өмнөх жилийнхтэй харьцуулахад хагас жилийн байдлаар бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо өссөн байна. Тэгвэл оны эцэст хэдэн хувиар өссөн байх бол?
-“Эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө”-гөөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд оны эцэст бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо өсөх төлөв харагдаж байгаа. Улсын хэмжээнд 43.751 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэх машин ажиллаж байна. Энэ он гарснаар нийт 19.5 сая баримт хэвлэсэн.