
Наймдугаар сарын 4-ний 12.10 минутын орчимд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км-ийн зайд сум дэлбэрчээ. Төв аймгийн Алтанбулаг сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөн нас барж, 48 настай Т нуруундаа шархадсан байна. Тухайн газарт ойрхон байсан цэргийн алба хаагчид хохирогчдод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэжээ. Гэвч иргэн Н шархаа даалгүй нас барсан байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа аж. Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт ажиллаж байгаа бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн тэсрэх зүйлийн гарал үүсэл, дэлбэрсэн шалтгааныг судалж байна. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэргийн талаар “Тавантолгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцсон “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт болсон. Энэ үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэж мэдэгдлээ. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд “Хааны эрэлд”-ээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг аж. Сургалтын дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгадаг байна. Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан, зорчих хориотой нутаг аж.