
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид нэг бус удаа хойшлуулсны эцэст өнгөрсөн баасан гаригт хянан хэлэлцлээ. Дээрх гурван шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Баасан гаригийн 09.00 цагт шүүх хурал эхлэхэд Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргав. Ихэнх тохиолдолд тус шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн хурал даргалан хэлэлцдэг.
Харин энэ удаад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг хурлыг даргалж, шүүгч Ч.Хосбаяр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн. Бусад хэрэгт улсын яллагчаар мөн л УЕПГ-аас томилогдсон хяналтын прокурорууд оролцдог бол энэ удаад улсын нууцад хамаарах хэрэг болоод ч тэр үү, Улсын ерөнхий прокурорын орлогч, хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг тэргүүлж байсан Г.Эрдэнэбат суусан юм.
Шүүгч нар хоёр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн зөвлөлдөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2.1-д заасан “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх” бол хаалттай хэлэлцэнэ гэснийг үндэслэн өмгөөлөгч Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ” гээд сэтгүүлчдийг танхимаас гаргав. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн оролцохоор Эрдэнэтээс ирсэн байлаа.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Хурлыг нээлттэй явуулах нь гэж их баярласан. Гэтэл талаар боллоо. Хариулт нэхсэн олон асуултад өмнөх шатны шүүхүүд дүгнэлт гаргасангүй. Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг дахин 25 жил хав дарж, нуун дарагдуулна. Прокурор Ж.Сандагсүрэн МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө “Д.Булганы гэм буруугүйг нотлох хэмжээний баримт бүрдээгүй ч түүний хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон” гэж байсан. Хэрэгсэхгүй болгосон юм бол яагаад түүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулахгүй байна вэ. Энэ хэрэгт холбогдсон гурван хүнд С.Зоригийн аминд хүрэх ямар шалтгаан байв.
Хүний аминд хүрэхийн тулд маш ноцтой шалтгаан байх ёстой. Гэтэл нэг нь 16 настай залуу, гурван хүүхэдтэй эмэгтэй, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг гурван хүн өөр өөр газраас нийлээд, төрийн сайдыг хөнөөх бодит шалтгаан юу байв гэдгийг тагнуулынхан үнэнээр нь тогтоосонгүй. Ц.Амгаланбаатар өмнө нь дөрвөн удаа хүн гүтгэж, тэр болгон нь нотлогдоогүй байхад шүүх шийдвэр гаргахдаа ашиглалаа.
Хохирогчийн талаас гаргасан “Хэргийг нууцын зэрэглэлд оруулсан дүгнэлтийг хуулийн хүрээнд гаргасан, эсэхийг шалгуулах хүсэлтийг шүүх, прокурор яагаад зөвшөөрөхгүй байна вэ. Энэ хэргийг захиалагчтай гэж зүйлчилсэн. Баригдаагүй байгаа захиалагчийг хэрхэн нотолж, энэ хүмүүсийг яллав гээд эргэлзээтэй зүйл олон байгаа. Магадгүй Д.Булганыг хэргийн захиалагч гэж нэрлэж ч болзошгүй” гэж ярив.
Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай хөнөөсөн, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар үгсэн тохиролцож, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жил хорих ял оноосон билээ.
Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оноосон хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов. Улмаар Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хурлын дараа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Ц.Амгаланбаатартай харьцуулж адилхан ял онооно гэдэг чинь үнэхээр хуйвалдаан гэж үзэхээс аргагүй байна. Ямар ч хэрэг хийгээгүй хүүгээ ял үүрүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Хүний эрхийн байгууллагад хандана” гэсэн бол Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Би Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж байсан. Би долдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт явуулахад олон нийтэд нээлттэй хийлгэе гэсэн хариу өгсөн юм. Өнөөдрийн хурлаас арай өөр шийдвэр гарна гэж итгэж байлаа” хэмээв.