
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны компаниудаас болж Өлтийн гол бохирдож, түүгээр дамжин Орхон гол улаанаар эргэсэн. БОАЖЯ-ныхан алтны компаниудын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос эхлэн хоёр сарын хугацаатай зогсоож, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах шаардлага тавьсан юм.
Үр дүнд нь Орхон гол сэргэж эхэлсэн байна. Тус яамны ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт газар дээр нь ажиллажээ. Яамныхны тавьсан шаардлагыг тэнд үйл ажиллагаа явуулж байсан компаниуд биелүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон хугацаанд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн аж. Мөн өдгөө алт угааж буй цөөрмийн усаа гадагш алдахгүй байхаар техник тоног төхөөрөмжөө сайжруулжээ.
Ингэснээр Орхон голын урсацыг бүрдүүлэгч Өлт болон Шийртийн гол өнгө засаж, жигүүртэн шувууд цуглах болсон гэнэ. Аж ахуйн нэгжүүд цаашид энэ жишгээрээ хууль дүрмээ биелүүлж, байгаль орчныг бохирдуулалгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатайг яамныхан онцлоод, хэрэв шаардлага биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлэв.