
Гадаадын их, дээд сургуулийн оюутнуудыг монгол судлалаар мэргэшүүлэх зорилго бүхий “Ирээдүйн олон улсын монгол судлаачдыг дэмжих EBI” хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Монгол үндэстний түүх, соёлын дархлааг бэхжүүлэх, монгол судлалыг тогтвортой хөгжүүлэх үүднээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2008 онд үүсгэн байгуулсан “Элбэгдорж” хүрээлэн, “Их Монгол” сан хамтран уг хөтөлбөрийг санаачилжээ.
Хөтөлбөрийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд бакалаврын түвшний боловсрол эзэмшиж буй, Монголыг судлах сонирхолтой оюутнуудын дунд сонгон шалгаруулалт зарласан байна. АНУ, БНПУ, БНЭУ, ОХУ, Швейцарь, Японы есөн оюутан шалгаруулалтад тэнцэж, манай улсад иржээ.
Тэд 10 хоногийн хугацаанд монгол судлалаар мэргэшсэн манай доктор, профессоруудын лекцийг сонсохоос гадна гэр барьж, мал маллаж, цагаан идээ боловсруулах зэргээр монгол ахуйтай танилцана. Хөтөлбөрийг санаачлагчид шалгарсан оюутнуудын суралцаж буй их, дээд сургуультай хамтран ажиллахаар болжээ.
Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар “Монгол судлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал нь санхүүжилт. Үүнээс шалтгаалж монгол судлал олон улсад нэг хэсэг зогсонги байдалд орсон. Харин өдгөө сэргэх, хамрах хүрээ өргөжих, энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоо өсөх хандлагатай байна. Италийн Венецийн их сургууль, Канадын Бритиш Колумбын их сургуулиас Монгол судлалын төв байгуулах санал ирүүлсэн” гэсэн юм.