
Төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдож, Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаагүй учраас тэдэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн, тэр нь хуулийн дагуу гэдгийг тайлбарлаж чадаагүй тэдгээр хүнд өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтаар хэрэг бүртгэлт хийж байгаа аж.
Улсын Ерөнхий прокурорын газраас оффшор бүсэд данс эзэмшигчдийн хэргийг шалгахад дан ганц АТГ хүчрэхгүй гэж үзээд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдийг татан оролцуулж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.
УЕПГ-аас Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааны гэрээтэй улс орнууд руу оффшор бүсэд хэн, ямар данс эзэмшиж байгаа талаар мэдээлэл авах, гэрээ байгуулаагүй ч тухайн улсын хуулийг баримтлаад хүсэлт илгээгээд буй сурагтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий хүмүүст хандаж, өнгөрсөн сарын 24-нөөс хойш 49 хоногийн дотор дансаа хааж, хөрөнгөө Монголын банкууд руу оруулж ирэхийг уриалаад буй. Мөн ЕТГ-аас Сангийн сайдад хандаж, оффшорын асуудлаар олон улстай хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлээд байгаа юм.