
Туулын гүүрнээс Налайх дүүрэг хүртэлх 20.9 км замыг өргөтгөн, шинэчлэхээр газар чөлөөлөх ажлыг эхлүүлээд буй. Замын трасст орсон, газраа чөлөөлөөгүй үлдсэн арав гаруй айлын хөрөнгийг үнэлэхээр үнэлгээний компани ажиллаж байгаа аж. Эдгээр айлын газрыг чөлөөлж дууссан даруйд зам барих ажлыг эхлүүлнэ гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэв.
Уг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог Хонхор руу нүүлгэх гэнэ. Ингэхдээ шинээр барих товчоог Баруунтурууныхтай адил нэвтрүүлэх чадвар сайтай байдлаар барихаар төлөвлөжээ. Ингэснээр ОХУ, БНХАУ-аас ачаа зөөж буй гол замын ачаалал буурах гэнэ. Налайх чиглэлийн авто замын ажлыг ирэх сарын дундуур эхлүүлнэ хэмээн тооцож, Хонхорт түр товчоо байгуулах бололтой.
Гэвч уг товчоог цааш нүүлгэсэн ч тухайн орчмын замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байх магадлалтай. Учир нь товчоогоор орж ирсэн жолооч Богдхан уулын зам руу эргэх үйлдэл хийхийн тулд ачаалал үүсгэдэг гэнэ. Тиймээс зам засварын ажлын хүрээнд Туул голын гүүр орчимд нүхэн гарц барих юм байна.