
Үндэсний их баяр наадмын өмнөхөн АНУ-ын иргэдэд үрчлэгдсэн монгол хүүхдүүд эцэг, эхийнхээ хамт төрөлх нутагтаа ирсэн билээ. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Холт интернэйшнл” олон улсын байгууллагаар зуучлуулан 71 монгол хүүхэд АНУ-ын иргэдэд үрчлүүлсэн аж.
Тус байгууллагынхан үрчлэгдсэн хүүхдүүдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулдаг бөгөөд тэднээр дамжин америк айлд ам бүл нэмсэн анхны хүүхдүүд 10 жилийн дараа Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар иржээ. Тэр үйл ажиллагааны талаар болон харьд үрчлүүлсэн хүүхдүүдийн талаар ГИХГ-ын Харьяатын газрын дарга Б.Хатантуултай ярилцлаа.
-Сар гаруйн өмнө Монгол Улсаас америк иргэдэд үрчлүүлсэн хүүхдүүд эх оронтойгоо танилцахаар ирсэн. Тэд эх орныхоо талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бол?
-Өнгөрсөн сарын 4-13-ны хооронд гадаадад үрчлүүлсэн хүүхдүүд анх удаа эх орныхоо өв соёл, ахуй амьдралтай танилцлаа. Манай байгууллагаар дамжин “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан 2002, 2003, 2004, 2006 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн долоон хүүхэд гэрийнхэнтэйгээ ирсэн.
Монголдоо байх багахан хугацаандаа Элсэн тасархай, Хархорин, Цонжинболдог, Тэрэлж зэрэг газраар аялж, Үндэсний их баяр наадмаа үзэж сонирхсон. Мөн Гадаадын иргэн, харьяатын газар, НХХЯ, АНУ-ын Элчин сайдын яамаар зочиллоо.
10 гаруй жилийн дараа төрсөн эх орондоо ирсэн хүүхдүүдийн хувьд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншилтай танилцаж буйдаа баяртай байгаагаа, ирээдүйд Монгол орондоо хэрэгтэй зүйл хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн яваа гэдгээ илэрхийлж байв. Хүүхдүүд, аав, ээж нь бид нар ч сэтгэл хөдөлсөн сайхан мөчүүд байлаа. Цаашид ч төрөлх эх нутгийнх нь талаар танин мэдүүлэх аяллыг холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулна.
-Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх үйл явцын талаар мэдээлэл өгөөч?
-Хэд хэдэн шат дамжлагатай, нэлээд нарийн процесс. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн, мөн дээрх байгууллагад гаргаж болно.
Хүсэлт гаргасан хүнийг судлаад хүүхэд үрчлэх боломжтой гэж үзвэл тэдний хувийн шинж, үрчлүүлэхэд тохиромжтой, эсэх болон боловсрол, гэр бүлийн болон эрүүл мэнд, өвчний түүх, нийгмийн байдал, үрчлэн авах болсон шалтгаан, улс хооронд хүүхэд үрчлэн авах чадвар зэрэг мэдээлэл агуулсан тайланг тухайн орны талаас бэлтгэн ирүүлдэг.
Манай Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үрчлэгдэх хүүхдийг судлан сонгож, үрчлүүлэхээр болсон тохиолдолд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй зуучлагч байгууллагаар дамжуулан холбогдсоны дараа манай байгууллагад санал, дүгнэлтийг холбогдох материалын хамт ирүүлдэг журамтай.
Манай газар нь холбогдох материалыг хянан үзээд хүүхдийн орчин нөхцөлтэй биечлэн танилцдаг. ГИХГ-ын даргын тушаалаар баталсан Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журамд заасны дагуу Комиссын гишүүд үрчлэгч гадаадын иргэнтэй биечлэн ярилцдаг.
Ярилцлагаар үрчлэгч эцэг, эхийн санаа, зорилго, хүүхэд үрчлэх болсон шалтгаан, эцэг, эхийн эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, үрчлэлтийн талаарх ойлголт, тухайн гэр бүлийн түүх болон ирээдүйн төлөвлөгөө, үрчлэгдэх хүүхдийн эрүүл мэнд, тухайн хүүхдийн онцлог, хүүхдийг хэрхэн нийгэмшүүлж, боловсрол олгох талаар үрчлэгч эцэг, эхийн хандлага зэргийг тодруулдаг.
Ийнхүү үрчлэгчтэй ярилцлага хийж, комиссын гишүүдийн олонхын саналаар эцсийн дүгнэлт гаргаж, байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг хэлэлцүүлдэг. Хүүхдийг үрчлүүлэх, эсэх тухай Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга тушаал гаргадаг юм.
-Жилд дунджаар хэчнээн хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдэж байна вэ?
-Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 266 хүүхэд үрчлүүлжээ. Тэднийг 17 орон буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финланд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг улсын гэр бүлд үрчлүүлсэн байна.
Үрчлэгдсэн хүүхдийг хүйсээр аваад үзэхэд, 149 нь эрэгтэй, 117 нь эмэгтэй. Хамгийн олон нь АНУ-д 156, ХБНГУ-д 33, Францад 20 хүүхэд үрчлүүлсэн. 2015, 2016 онд тус бүр тав, энэ оны байдлаар нэг хүүхэд үрчлэгдээд байгаа.
Үрчлэлтийн тогтолцоо, түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, түүний үндсэн эрх олон улсын эрх зүйд нийцэж байгаа талаар баталгаа бүрдүүлсэн, эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрдөг. Хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад дагаж мөрддөг хэм хэмжээг адилхан хангах ёстой. Энэ зорилтыг хангах үүднээс шаардлагатай бол хоёр буюу олон талт гэрээ байгуулдаг.
-Монгол Улсын харьяат хүүхдийг харийн иргэнд үрчлүүлэх эрх зүйн зохицуулалт хангагдсан уу?
-Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Энэ конвенцуудаар үрчлэлтийн тогтолцоотой болон түүнийг хүлээн зөвшөөрсөн орнуудын үүрэг хариуцлага, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Эдгээр конвенцыг удирдлага болгон Гэр бүлийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны хамтарсан тушаалаар баталсан Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журмаар Монголын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулж байгаа.
-Хүүхдийг үрчлүүлсний дараа танай байгууллага хойноос нь хэрхэн хяналт тавьдаг юм бэ? Зарим хэвлэлээр үрчлүүлсэн хүүхэд сураггүй болсон гэх мэт мэдээлэл гардаг шүү дээ.
-Үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай байгуулдаг. Үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй, хүүхэдтэй хэрцгий харилцахгүй байх, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл, уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар гэрээнд нарийвчлан тусгаж өгдөг.
Үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт жил бүр мэдээлж байх, хүүхдийн өсөж бойжиж буй фото зураг, видео бичлэг зэргийг хүүхдийг нэг сартайгаас гурван нас хүртэл хагас жил тутамд, 4-8 нас хүртэл жил бүр, 8-16 нас хүртэл хоёр жил тутамд манай газарт ирүүлсэн байх талаар тусгадаг.
Түүнчлэн манай байгууллага шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүүхдийн аж байдалтай газар дээр нь танилцахад гарах зардлыг хариуцах, үрчлэгдсэн хүүхэд Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц харьяатаа чөлөөтэй сонгох боломжоор хангахыг гэрээнд зааж өгдөг.
Үрчлэгч эцэг, эх оршин сууж буй газраа өөрчилсөн бол тухай бүр хаягийн өөрчлөлт хийсэн тухайгаа өөрийн орны эрх бүхий байгууллагад болон Монгол Улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх үүрэгтэй. Үүнээс гадна зуучлагч байгууллага нь манайхтай хамтран Монгол Улсаас үрчлэгдсэн хүүхдэд эх орныг нь танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу дээр ярьсан хүүхдүүдийг эх оронд нь авчирсан.
-Үрчлүүлсэн хүүхдэд хяналт тавих зардлыг хэн гаргадаг юм бол?
-Үрчлүүлсэн хүүхдийн ахуй амьдрал, аж байдалтай оршин сууж байгаа газарт нь очиж танилцах болон хүүхдэд эх орныг нь танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах зардлыг үрчлэгч эцэг, эх болон зуучлагч байгууллага гаргах үүргийг гэрээнд тодорхой тусгаж өгдөг. Олон улсын жишгээр ч ийм байдлаар хянах зардлыг гаргадаг тогтолцоотой. Жишээ нь, Итали, ХБНГУ, АНУ, Франц, Япон, Солонгост үрчлэгдсэн 70 гаруй хүүхдийг 2011-2015 онд манай байгууллагаас эргэн, нөхцөл байдалтай нь танилцсан.
-Ямар тохиолдолд хүүхдийг үрчлүүлэхээс татгалзах, үрчлэлтийг хүчингүй болгох вэ?
-Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхдээ үрчлэгч эцэг, эхийн нөхцөл байдал, хүсэл зориг бүгдийг нэг бүрчлэн шалгаж үзсэний үндсэн дээр үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Үрчлэгч эцэг, эхийн хариултууд нь бүрдүүлж ирүүлсэн материал дахь мэдээлэлтэйгээ зөрөх, хуурамч бичиг баримт бүрдүүлж ирүүлснийг нь тогтоосон, хүүхэд үрчилж авсны дараа гарах асуудлыг шийдвэрлэх арга замыг мэдэхгүй, хүүхэд үрчилж авах шалтгаан, нөхцөл нь тодорхойгүй, үрчлэгч эцэг, эхийн санаа, зорилго нийлэхгүй, мөн үрчилж авах гэж буй хүүхдийн талаар мэдээлэл аваагүй байх гэх мэт зөрчил илэрвэл тухайн хүүхдийг үрчлүүлэхээс татгалздаг.
Хүүхдээ хаясан, санаатай төөрүүлсэн, тарчлаан зовоосон, худалдсан, барьцаалсан, биеийг нь үнэлсэн, шунахайн зорилгоор ашигласан, эрх зүйн зөрчилд татан оруулсан, хүүхэдтэйгээ хэрцгий харилцсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг нь тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэлээр тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдах, цаашлаад Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуульд заасан үндэслэл болон гэрээ зөрчигдсөн хүүхдийн эрх ашиг хохирсон бол үрчлэлтийг хүчингүй болгох эрх нь манай байгууллагад байна. Гэхдээ ийм байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхэд гараагүй.