
Мэдээллийн аюулгүй байдлын байнгын эрсдэлтэй орны жагсаалтад Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна. “Сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд “Gamarue”, “Sality”, “Bancos” зэрэг нэр бүхий халдлагын шинж чанартай кибер дайралтад хамгийн их өртсөн. Мэдээллийн аюулгүй байдал хаа сайгүй алдагдаж байна” хэмээн “Вертексмон” компанийн ерөнхий захирал Ө.Батмөнх ярилаа.
Олон улсын “Trend micro tippingpoint” байгууллага болон манай улсын “Вертексмон” компани хамтран Монголд анх удаа зохион байгуулсан мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгийн үеэр эл асуудлыг хөндөж, түүнээс хамгаалах шийдлийн талаар санал солилцжээ. “Trendmicrotipping point” байгууллагын инженер, мэргэжилтнүүд мэдээллийн аюулгүй байдлын сүүлийн үед дэлгэрч буй үйлчилгээ болоод зөвлөгөөг хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Түүнчлэн аюулгүй байдлаа хангахын тулд олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ оруулахаас татгалзах, банкны мэдээлэл, картны нууц үгээ бусадтай хуваалцахгүй байх, мөн нууц үгийн баталгаажуулалтын хариуг худал өгөх зэрэг арга хэрэглэснээр таны мэдээлэл рүү халдах нөхцөл боломжууд багасгаж болохыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Сонирхуулахад, 28 жилийн түүхтэй тус компани нь дэлхийн 50 гаруй улсад салбартай, 5500 орчим ажилтантай бөгөөд “Эцсийн хэрэглэгчдийн хамгаалалт” системийг нь 155 сая хүн ашигладаг байна. Уг өдөрлөгийг хамтран зохион байгуулж буй “Вертексмон” компани нь тус байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч аж.