
Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, дэд хурандаа О.Амарсанаа, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Жаргалсайхан тэргүүтэй зургаан хүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав. Тэдний дунд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнах гэж явснаа илчилсэн гэх Ч.Батболд байна.
У.Хүрэлсүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “АТГ болон хуулийн байгууллагууд хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Цаана нь ямар нэг өндөр албан тушаалтан нөлөөлж байгаа гэсэн хардлага бий. Ч.Батболдоос гадна зургаан хүн Шадар сайдын араас дагасан. Хэргээ илчилж баривчлагдсан хүмүүс хаана байгаа нь тодорхой бус, эрүүдэн шүүж байж ч болзошгүй. Жирийн иргэд Шадар сайдыг тагнаж чагнаад байх хэрэг байхгүй. Шадар сайд энэ бүхнийг өөрөө зохион байгуулах үндэслэлгүй” гэсэн мэдээлэл хийсэн билээ.
АТГ, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид сэжигтэн Ч.Батболдын гэрт нэгжлэг хийсэн талаар эхнэр Байгалмаа нь хэвлэлийнхэнд хандаж “Миний нөхөр хууль бус үйлдлийн талаар шударгаар мэдээлсэн. Гэтэл өөрөө баригдаад явчихлаа. Гэрч хохирогчийг хамгаалдаг байгууллага байдаггүй юм уу, их айдастай байна” гэж ярьсан юм.
Цагдаагийн алба хаагчидтай холбоотой эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байхаар Улсын ерөнхий прокурор харьяалал тогтоосон бөгөөд үүний дагуу АТГ-ынхан мөрдөж буй гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өглөө.
Тэгвэл дээрх хүмүүсийг цагдан хорьж шалгах саналаа АТГ-ынхан нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт тавьж, прокурор Чингэлтэй дүүргийн шүүхэд хүсэлтийг нь хүргүүлснээр өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэлэлцлээ.
Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 13.12-т заасан гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон, дэд хурандаа О.Амарсанаа, хошууч Ц.Жаргалсайхан нарт мөн хуулийн 22.1-ийн нэг дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцон, цагдан хориулах санал гаргасан аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж, дээрх нэр бүхий хүмүүсийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
ХЭН НЬ ХЭН БЭ
Дэд хурандаа О.Амарсанаа нь ЭЦА-ны хэлтсийн даргаар ажилладаг нэгэн. 2001 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн, хуучнаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар томилогдож ажилласан гэнэ.
Түүнийг Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн эгч Оюунхүүгийнх нь хүүхэд гэх мэдээлэл цахим орчин, олон нийтийн сүлжээгээр тараад буй. У.Хүрэлсүхтэй ойрын садан, хамаатных нь генерал цолтон бий гэх мэдээлэл ч цацагдаж байна. Хамт ажилладаг нөхөд нь “О.Амарсанаа ийм зүйлд хутгалдах хүн биш” гэж байгаа юм.
Түүнтэй хамт хоригдсон хошууч Ц.Жаргалсайхан найз нь. О.Амарсанаагаас нэг жилийн дараа Цагдаагийн дээд сургууль төгссөн гэх мэдээлэл байна. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст нэлээд удаж буй гэнэ.
Ч.Батболдын хувьд Б.Энхмэндийн хамт “Очир” хамгаалалтын албанд ажилладаг, Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаад чөлөөлөгдсөн аж.
У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн болохын тулд ийн “жүжиг” тоглож байна гэж нэг хэсэг нь үзэж буй бол, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдыг буруутгаж буй юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энэ бол гүтгэлэг” хэмээгээд цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Харин Шадар сайдын ажлын албанаас болон өмгөөлөгч Ц.Баасандорж тагнуул, АТГ-ынхнаар шалгуулах хүсэлт гаргаад буй. МАН-ын даргын суудлын төлөөх тэмцэлд ийнхүү хууль сахиулагчид өртөж байгаа бололтой.