
Орхон аймагт өсвөр насны хоёр охин уржигдар байшин дээрээс үсэрсэн бичлэг олон нийтийн цахим сүлжээ, цахим мэдээллийн сайтуудаар олонд хүрч, хиртхийлгэв. Охидын нэг нь нас барж, нөгөөгийнх нь амь дээсэн дөрөөн дээр буй энэ үед олон нийтийн сүлжээнд бичлэгийг нь тавьсан залуус үнэхээр болчимгүй үйлдэл хийв. Тэд аймшигт үйлдлийг утсаараа бичиж, “цагдаа, онцгой байдлынхан ямар удаан ирдэг юм бэ” хэмээн шүүмжилж суусан юм. Хэрэв тэд хүний төлөө сэтгэлтэй байсан юм бол тэр бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавих хэрэг байсан гэж үү.
Тэд энэ бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьснаараа өөрсдөө хууль зөрчиж, түүнийг нь дамжуулсан цахим мэдээллийн хэрэгслүүд ч хариуцлагад татагдаж болзошгүй. Хоёр охины ар гэрийнхэн цахим мэдээллийн хуудасны сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргах бүрэн эрхтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно”, 11.5-д “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно” гэсэн заалт бий. Эдгээрийг үндэслэл болгон хэвлэлийнхнийг буруутгавал сэтгүүлчид бид хариуцлага хүлээнэ. Магадгүй энэ бичлэгийг нийтэлсэн, дамжуулсан цахим мэдээллийн хэрэгслийнхэн гэмт хэрэгт бусдыг уриалсан ял, зэмд унах ч юм бил үү.
Хариуцлагад татагддаггүй юмаа гэхэд энэ бичлэгийг дамжуулснаараа бусдыг амиа хорлохыг уриалж байгаа нэг хэлбэр гэж хэлэхэд буруудахгүй. Бусдыг амиа хорлосны дараа олон хүн дуурайж өөрийгөө егүүтгэх явдлыг “Вертер эффект” гэдэг. Зарим оронд бусдын амиа хорлож байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзүүлсний дараа ийм явдал эрс нэмэгдэж буйг тогтоон, тэр тухай мэдээлэл гаргахыг хориглосон нь ч бий.
Монголчуудын дунд сэтгэл гутралын эмгэг эрс нэмэгдсэн нь амиа хорлолт ихэссэнээс харж болно. Энэ он гарсаар 10 гаруй хүүхэд амиа хорлосон гэсэн тоон мэдээлэл бий. Болчимгүй алхам хийхийг завдсан 88 хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд эмчлүүлжээ.
Тиймээс эцэг, эхчүүд бид үр хүүхэдтэйгээ аль болох ойр байж, тэднийхээ сэтгэл зүйд байнга анхаарч байх шаардлагатай байна. Томчууд биднийг эзгүй хойгуур хүүхдүүд цахим орчноос ямар ч мэдээлэл авч, юу ч үзэж байгааг мэдэхгүй. Магадгүй өчигдрийн бичлэгийг ч үзчихээд ямар нэг сэдэл төрсөн байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд бид үзгээ барьж, болсон явдлыг мэдээлэх эрхээ эдлэхээсээ урьтаад энэ мэдээллийг нийтэд хүргэснээр гарах үр дагавар нь юу байх вэ гэдгийг тунгаавал зүгээр сэн.