
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн баасан гаригт олон нийтийн цахим сүлжээгээр цацагдав. Чухам ямар хэрэгт буруутган шалгаж буй, хорьсон, эсэх талаар тодорхой мэдээлэл алга.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр Төвбанкны тэргүүн асан түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд прокуроруудын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.
“Шалгалтын гол ажиллагааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийж байгаа. Мөрдөн байцаалтын явцад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг нь АТГ-ын мөрдөгчид шалгах юм. Одоогоор цагдан хорих шийдвэр гаргаагүй” хэмээн НПГ-ын эх сурвалж өгүүлэв.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлсэн юм байна. Албан бус мэдээллээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, мөнгө хэвлэсэн зэрэг үйлдлийг шалгаж буй гэнэ.
Мөн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон сурагтай. Дээрх бондуудын хөрөнгө гадаадаас ам.доллароор орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь шамшигдуулсан байх магадлалтай гэж сэжиглэж буй гэсэн.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийн асуудалд ч Н.Золжаргалыг буруутгаж буй сурагтай. Шалгалтын явцад чухам ямар үйлдлүүд тогтоогдож, алинд нь хэрхэн холбоотой болохыг цаг хугацаа харуулах нь.
Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэг байсан учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монголбанкнаас баталгаа гаргасан гэх хардлага ч байдаг.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд эдгээр үйлдлээс гадна арилжааны банкуудад Монголбанкны зардал гэж тусгай данс нээж, “Маш нууц” гэсэн тамга дараад хэдэн тэрбум төгрөг шилжүүлсэн, Ипотекийн зээлийн хүүгийн тодорхой хувийг Төвбанкны зардал хэмээн улсад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирээд буй гэнэ.
Н.Золжаргал Унгарын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль, АНУ-ын Харвардын их сургууль төгссөн. 1989 онд тухайн үед Улсын банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад, Хөрөнгийн биржийн захирал болж, дараа нь Дэлхийн банк, KPMG компанийн Бизнес менежментийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж явсан.
ХОТШ банкнаас 10.000 ам.доллар зээлснээ төлөөгүй хэмээн ШШГЕГ-т нэг хэсэг бүртгэлтэй байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчид уг төлбөрөө барагдуулахыг нэг бус удаа шаардаж байсан юм.