
Өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр болох “Хархорин” худалдааны төвийн орчмын гадна талбайд гар дээрээс худалдаа эрхлэгч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар өнгөрсөн лхагва гаригт тус худалдааны төвийн дотор лангуу түрээслэгчид болон гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн хооронд “мөргөлдөөн” болсон аж.
Тодруулбал, гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийг хавчин гадуурхаж, “Хархорин” худалдааны төвийн УЗЕЛ-ээр зарлан иргэдийг өдөөн турхирч, зохион байгуулалтад оруулан, иргэдийг талцуулан эвдрэлцүүлсэн байна.
С.Мишгээ хэлэхдээ “Монголын нийгэмд ажилгүйдэл бий болж, монголчууд үй олноороо гудамжинд гарч байна. Амьдрахын эрхэнд гар дээрээс худалдаа наймаа хийж, аж амьдралаа залгуулж байгаа бид өнөөдөр буруутан болоод дууслаа. Хэрэв Төр бидний эрх ашгийг хамгаалах, худалдаачдын зээлийн бодлогыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс хамгаалах, ажлын байраар хангах арга хэмжээ авахгүй бол бид БГД-ын Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Захирагчийн алба, Төрийн ордны гадна талбайд жагсаал цуглаан хийнэ. Энэхүү жагсаал нь энгийн цуглаан болоод өндөрлөхгүй, бараа бүтээгдэхүүнээ шатааж тэмцлийн хамгийн хурц хэлбэрт шилжинэ” хэмээлээ.
Мөн Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эдийн засгийн баталгаагаар хангагдах эрхийн төлөө бид тэмцэж байна. Бидний хийсэн тооцоо судалгаагаар 300 орчим мянган иргэн гудамж талбайд худалдаа эрхэлж байгаа юм билээ. Тиймээс тус иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллахыг шаардаж байгаа юм” гэв.