
Шатаж буй айлын иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн цагдаа нар аварлаа. Тус дүүргийн 18, 19 дүгээр хорооны нутагт эргүүлийн офицер, ахлах дэслэгч Э.Хатанбаатар, цагдаа-жолооч, дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед нь буюу энэ сарын 18-ны 02.40 цагт “Манай охиныг зодсон байна” гэсэн дуудлага ирсэн аж.
Уг мэдээллийн дагуу очиход дуудлага өгсөн байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхарт гал гарч байсан гэнэ. Ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө гэсэн тангаргаа тэд биелүүлж, ахлах дэслэгч Э.Хатанбаатар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 105 дугаарын утсанд хандан аврагчид ирүүлэхийг хүсэж, дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ байрны гараашаар нь дамжин орж хаалгыг дотроос нь нээжээ.
Учир нь тухайн орцны хаалга кодтой түгжээтэй, хэн ч хаалга тайлахгүй байсан гэнэ. Ингээд цагдаа нар гал гарч байгаа айлд орж 43 настай иргэн Г угаартаж ухаан алдсан байхад нь аварч гаргасан гэнэ. Мөн тус орцны гурваас наймдугаар давхарт амьдардаг айлуудыг сэрээж, галын аюулаас урьдчилан сэргийлжээ.