
Монгол Улсын төмөр замаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ энэ оны эхний долоон сарын байдлаар нийт нэг сая 670 мянган тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Одоогоор Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг дөрөв дахин нэмэгдсэн байна. Дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээ өссөн нь чингэлгийн тээврийн тарифыг 15, шилжүүлэн ачилтын тарифыг 66 хувиар хөнгөлсөнтэй холбоотой аж.
Мөн хилийн өртөөнд галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих хугацааг багасгасан нь нөлөөлжээ. БНХАУ-ын Бээжин хотод “Транзит Монгол-2017” олон улсын форумыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан нь Монгол, Хятад, Орос улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэж Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооныхон үзэж байна.