
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгоод байсан. Тэгвэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн уг хэргийн материалыг УЕПГ-т иргэн Ч.Наранзаяагийн гомдлын дагуу хянаад, дээрх шийдвэрийг хүчингүй болголоо. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэнд даалгасан байна.
Д.Гантулгад хүчирхийлүүлсэн гэх Ч.Наранзаяагийн өргөдөлд өмнө нь мөрдөн байцаалтаар шалгагдаагүй шинэ баримтууд байгаа бөгөөд түүнд “Цагдаагийн мөрдөгч нар эрүүдэн шүүсэн” гэх мэт хэд хэдэн ноцтой зүйл дурдагдсан аж. Харин цагдаагийн мөрдөгч нарыг хууль бусаар хэрэг бүртгэлт явуулсан байж болзошгүй гэсэн хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцааж эхэлсэн гэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон цагдаагийн мөрдөгч нарын, мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, хавтаст хэргийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн байж болзошгүй үйлдлийг тус газрынхан нягтлах юм байна.