
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолджээ. ЗХЖШ-аас өгсөн албан ёсны мэдээлэлд “Хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын Цагаан тохой гэдэг газар усанд осолдсон. Байлдагч Б, Е, С нарыг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж эхэллээ” гэжээ.
ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатар тэргүүтэй хүмүүс нийслэлээс нисдэг тэргээр ослын газарт очсон бол бригадын генерал П.Доржсүрэн нар Баян-Өлгий аймагт шалгалтаар явж байгаад шууд ослын газарт очсон гэнэ.
Орон нутгийн хууль сахиулах байгууллага, онцгой байдлын албаныхны мэдээлснээр цэргүүд голын анхааруулах тэмдэгтэй газарт осолдсон аж. Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан иржээ. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан энэ жил тодорхой тооны цэрэг ургац хураалт, хадланд ажиллуулахаар ЗХЖШ-ын даргаас зөвшөөрөл авсан аж. Үүнийхээ хүрээнд эсвэл, түүнээс давсан тоогоор цэргүүдийг айлын хадланд ажиллуулахаар гаргасан гэх мэдээлэл ч байна.
123 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр ЗХЖШ-ын даргын олгосон зөвшөөрлийг хэтрүүлсэн байж болзошгүй тухай мэдээлэл Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэнд очсон сурагтай.
Осол болох үед нэг айлын хадланд таван цэрэг гарч явж байгаад нэг нь машинаасаа бууж, голоор гаталж болох, эсэхийг үзэж яваад хөл алдсан аж. Араас нь хоёр нь аврахаар ороод хамт урссан талаар ЗХЖШ-т мэдээлэл иржээ.
Энэ золгүй явдлаас гадна Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн дөрвөн байлдагч хоорондоо зодолдож, хоёрынх нь эрүү гэмтэн Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж байна.