
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд “Цөмийн зэвсгийг хураах асуудал: олон улсын болон бүс нутгийн хандлага, төлөв” сэдэвт олон улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хурал нь цаг хугацааны хувьд дэлхий нийтэд цөмийн зэвсгийг хураах чиглэлээр үлэмж ахиц гарч болзошгүй үетэй давхцаж байна. Тиймээс бага хурлын нэгдүгээр салбар худалдаанаар “Цөмийн зэвсгийг хураах асуудлын өнөөгийн байдал: сорилт ба боломж” гэсэн асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлын хүрээнд өнгөрсөн сард НҮБ-ын гишүүн 122 орон Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг эцэслэн боловсруулж баталсан бөгөөд энэ оны есдүгээр сарын 20-ноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тус гэрээнд гарын үсэг зурах, соёрхон батлах үйл явц эхлэх аж. Нөгөөтээгүүр, цөмийн зэвсэгтэй орнууд болон тэдний холбоотнууд цөмийн зэвсгийг хориглох асуудлыг цаг үеэ олоогүй гэж үзэж түүнийг эсэргүүцэж байгаа тул асуудлын цаашдын өрнөлийг дэлхий нийт ширтэн харж байгаа энэ үед уг бага хурал болж байгаа юм. Мөн энэ хурал нь ирэх сарын дундуур ажлаа эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өмнөхөн болохоороо онцлог байх бөгөөд чуулганы үеэр энэ асуудлын яригдах өнгө аяс, уур амьсгал тодорхой болно.
Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн улмаас АНУ-БНАСАУ-ын хооронд гарч байгаа нэн хурцадмал байдлын талаар, мөн цаашид ямар арга хэмжээ авч болох талаар “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд бүс нутгийн хэмжээнд авах арга хэмжээ: Зүүн хойд Азийн жишээн дээр” хэмээх хоёрдугаар салбар хуралдаанаар хэлэлцэх нь олны сонирхлыг татах болно хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж. Хуралдаанаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэсэн туршлага, тэр нь Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлж болох асуудал хөндөгдөж яригдана. Мөн уг асуудалтай холбогдуулж АНУ болон Иран тохирсноосоо татгалзах үндэслэл, чингэх магадлалын асуудал хөндөгдөн яригдана.
Гурав дахь салбар хуралдаанаар “Бүс нутагт тогтвортой, урьдчилан тааварлах байдлыг хөгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр” сэдэвт асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болон зарласан цагаасаа хойш уг статусаа олон улсын төвшинд хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн туршлага, ач холбогдлыг, мөн олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцана.
Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл уригдан оролцоно. Хурлын ажиллагаанд бүс нутгийн орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монголын эрдэмтэд судлаачдаас гадна АНУ, Герман, Финланд, Францын судлаачид, ТББ-ын төлөөлөгчид оролцоно.