
ОБЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилжээ. Уг нь Шадар сайд У.Хүрэлсүхийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөнтэй нь холбогдуулан харьяа агентлагуудад нь ямар нэг томилгоо хийхийг хориглосон бичиг ЗГХЭГ-аас хүргүүлсэн аж. Гэтэл энэ шийдвэрийг нь зөрчин, У.Хүрэлсүхтэй цэргийн сургуулийн нэг ангид сурч байгаад хэсэг хугацаанд ОХУ-д амьдарсан Ж.Чүлтэмсүрэнг томилсон байна.
Ингэхдээ НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаярыг эмнэлэгт хэвтэж байхад нь тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй гэнэ. ОБЕГ-ын дарга нь Төрийн албаны салбар зөвлөлөө даргалан хуралдуулдаг. Гэтэл тус зөвлөлд хамаардаггүй дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян даргалан албан тушаалд томилох, чөлөөлөх хурлыг хийсэн гэнэ.
ОБЕГ-т энэ мэтээр хууль зөрчсөн томилгоо нэлээд хийгдэж буй аж. Хэд хэдэн хүнд тэтгэвэрт гарах мэдэгдэл өгсний дотор 38 настай, ОХУ-д гал түймэртэй тэмцэх чиглэлээр сургууль төгсөөд ирсэн боловсон хүчнээ гавьяаны амралтанд суулгахаар болсон нь хачирхалтай. Тэгсэн атлаа 54 настай, Уул уурхайн аврах албанд ажиллаж буй эмэгтэйд мэдэгдэл өгөөгүй гэх юм билээ. Тус албанд ажиллаж буй эрэгтэй 52-57, эмэгтэй нь 47 нас хүртэл ажиллаж болохоор хуульчилсан байдаг ч зөрчигддөгийг хэлэх хүн олон байна.
Үүнээс гадна ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаярыг Тагнуулын ерөнхий газраас улсын нууц задруулсан гэх хэрэгт холбогдуулан хариуцлага тооцуулахаар дээд албан тушаалтанд нь ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурцын гарын үсэгтэй албан шаардлага хүргүүлсэн гэнэ. Өмнө нь албаны машин хувийнхаа хэрэгцээнд унаж яваад онхолдуулсан, хүүгээ өмөөрч Уул уурхайн аврах ангийн удирдах албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаж загнаж байхад нь Налайхын уурхайд хүн дарагдсан хэл аманд орооцолдсон тэрбээр энэ удаа улсын маш нууцад хамаарах радио долгионы шифр задалсан байж болзошгүй гэсэн хэрэгт холбогджээ. Гэтэл тэрбээр ОБЕГ-ын дэд даргын албан тушаалд томилогдохоор болж буй гэсэн мэдээлэл байна. Тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтоход тэтгэвэрт гарах мэдэгдэл хүргүүлээд удаагүй байгаа аж.