
ЗХЖШ-ын даргын болон Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаярын тушаалаар хадланд явсан Увс аймгийн харьяат гурван цэрэг Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын усанд осолдсон билээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжилж осол болсон газраас 100-гаад км-ын зайтай хэсгээс өчигдөр 14.00 цагийн үед олжээ.
Нийслэлээс ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 41 алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн мөн тооны цэргүүд, Ховд аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг гээд 100 гаруй хүн, 15 машин, зургаан завьтай эрэн хайх ажилд оролцсон байна.
Тухайн үед таван цэрэг машинтай Ховд голоор гарах гэж явж байгаад нэг нь машинаасаа бууж, усаар гаталж болох, эсэхийг нягтлахдаа хөл алдсан бол араас нь хоёр нь аврахаар ороод хамт урссан тухай мэдээлэл цагдаагийнханд ирсэн. Өдгөө ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Ховд аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байна.