
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэллээ. Энэ хүрээнд “Хархорин”, “Бөмбөгөр”, “Барс” зах болон МУБИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт зөвшөөрөлгүй барьсан саравчийг буулгаж буй.
Тэгвэл энэ долоо хоногоос зөвшөөрөлгүй, дур мэдэн байрлуулсан түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг буулгах гэнэ. Нийслэлийн Захирагчийн ажлын алба Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийнхэн “ТҮЦ ажиллуулах, буулгах зөвшөөрлийг дүүргүүдэд шилжүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан ТҮЦ ажиллуулах журмын хэрэгжилтийг одоогоос дүүргүүдийн ЗДТГ-ууд хангана гэсэн үг. Үүний дагуу цэгүүдийг буулгахаар мэдэгдэх хуудас өгөх зэргээр бэлтгэл ажлаа хангаж байгаа” гэв.
Өдгөө нийслэлд 1500 гаруй ТҮЦ бий. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах тушаалыг МХЕГ-ын дарга болон хотын Ерөнхий менежер гаргажээ.
“ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ноос өнгөрсөн жил уг ажлыг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж, шүүхээс хотын даргын шийдвэрийг хүчингүй болгож байсан. Харин шинэчилсэн журам, МХЕГ-ын тушаалаар энэ удаад зөвшөөрөлгүй цэгүүдийг буулгах эрх зүйн орчин бий болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.