
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэд олноор ажиллаж, амьдардаг орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа Чехэд ажиллаж, амьдардаг монголчуудыг нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болгох нь. Тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Ганчимэгээс энэ талаар тодрууллаа.
-Чехэд ажилладаг монголчуудыг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгох талаар ярьж байгаа гэв үү?
-Монгол Улс, БНЧУ хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцоод, хэрэгжүүлэх бэлтгэлээ базааж байна. Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн ажиллаж буй орны хууль тогтоомжийн дагуу төлж, тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол хангасан үедээ Монгол Улс болон БНЧУ-д тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулна. Шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ авах, ийм эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгаагаас үл харгалзан тэтгэвэр олгох зэрэг зарчмыг тусгаж байгаа. Хэлэлцээр тун удахгүй хэрэгжиж эхэлнэ.
-Хэлэлцээр байгуулсны дараа манай улсын хэчнээн иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх вэ?
-Албан ёсны мэдээллээр БНЧУ-д 7.4 мянган монгол иргэн оршин сууж байгаа. Тэдний 68 орчим хувь нь 5-25 жил амьдарч буй байнгын оршин суугч. Мөн таван мянга орчим иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажилладгаас 75 хувь нь оёдлын үйлдвэрт, 25 хувь нь хүнд болон хөнгөн үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Эдгээр хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болно.
-Монголчууд социализмын үеэс л Чех улсад ажиллаж, амьдарч ирсэн. Өмнө нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ямар тэтгэмж авч байсан юм бэ?
-1989 онд БНМАУ болон БНСЧСУ-ын Засгийн газрын хооронд Чехословакийн байгууллагуудад манай иргэдийг түр хугацаагаар ажиллуулах тухай хэлэлцээр байгуулсан юм. Энэ дагуу Монгол Улсаас олон зуун иргэн тус улсад техник мэргэжлийн дунд сургуульд сурч, мэргэшил дээшлүүлж, бас ажиллаж эхэлсэн. Өдгөө тус улсад оршин суух монгол иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Монгол Улсын иргэд БНЧУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдах, тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль, эрх зүйн үндэс одоогоор байхгүй.