
Манай улсад анх удаа эмэгтэй малчдын хоршоо байгуулав. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн эмэгтэйчүүд нэгдээд буй юм. Хоршоонд тус аймгийн бүх сумын эмэгтэй малчид хамрагдсан бөгөөд одоогоор 60 гишүүн, 11 тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй аж.
Хоршооны даргаар Баацагаан сумын малчин Б.Эрдэнэцэцэг, хяналтын зөвлөлийн даргаар Гурванбулаг сумын “Халзан хангайн хишиг” хоршооны дарга н.Гантөмөр сонгогджээ. Тэд мал маллах арга ухаанаа хуваалцаж, эмэгтэй малчдад тулгамддаг асуудлыг олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллаад зогсохгүй, өнчин хүүхэд, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах зэрэг ажил зохион байгуулах гэнэ.