
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын 1200 гаруй автобус явуулдаг. Тэдгээрийн 80 хувь нь насжилт өндөртэй болсны уршгаар өмхий хар утаа хаяж, агаар бохирдуулдаг. Хотын төв замын дагуух нийт тоосонцрын 80 хувийг нийтийн тээврийн автобуснууд “үйлдвэрлэдэг” гэх үзүүлэлт ч бий. Тэгвэл хорт утаа их хаяж буй автобуснуудад шүүлтүүр суурилуулах ажлыг БОАЖЯ-ныхан ирэх өвөл хийхээр бэлтгэж байна.
Энэ хүрээнд багагүй хугацаанд судалгаа хийсэн бөгөөд нэг автобуснаас ялгарах, агаар бохирдуулагч хорт утааг 90 хүртэл хувиар бууруулж, өмхий үнэргүй, хар утаа гаргахгүй болгох “шидтэй”, Израиль улсын төхөөрөмжийг нэвтрүүлэх гэнэ. Үнэ өртөг нь зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад боломжийн хэмжээнд боловч олон автобусанд суурилуулахаар багагүй зардал гарах аж.
Тиймээс төсвөөс ямар нэгэн хөрөнгө гаргахгүй, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүйгээр автобуснуудыг шүүлтүүртэй болгох зорилт тавьжээ. Одоогоор олон улсаас тусламж хүсэж, ногоон зээлийн сангуудаас хөрөнгө бүрдүүлэх санал санаачилга гаргаад байна. Хөрөнгө төсвөө шийдчихвэл эхний жил том оврын автобуснуудад, дараагийн ээлжинд суудлын жижиг тэрэгнүүдэд ч суурилуулах боломжтойг албаныхан онцлов.