
Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 29-нд захирамж гаргаж, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл (ОНЗ)-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон билээ. Орон тооны бус тус зөвлөлийн Г.Баасан тэргүүтэй гишүүд тус газрын үйл ажиллагаатай танилцах анхны уулзалтаа өчигдөр хийж, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд оролцож, тулгарч буй бэрхшээл, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хийж буй ажлаа танилцуулсан юм.
Үүний дараа ОНЗ-ийн гишүүд зарим зүйлийг сонирхож байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл “Энд сууж байгаа дарга, ахлах албан тушаалтнуудын 50 хувь нь ажлаа танилцуулж, үлдсэн нь танилцуулсангүй. АТГ-ын бусад хэлтэс албадын хийж байгаа ажилд оролцохгүй шүү гэсэн мэдэгдэл хийж байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба яагаад АТГ-т ирэв. Авлигын индекс өсөж, буурсан үзүүлэлт ямар байгааг, шударга байдал уруудаж буйд хариулт өгөөч” гэсэн юм.
Ерөнхийлөгчийн 14 дүгээр захирамжийн хоёр дахь заалтад “ОНЗ нь хууль ёсыг дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг даалгаж байна” гэж тусгасан байгаа. Авлигын эсрэг хуульд “АТГ-ын дэргэдэх ОНЗ нь тус газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан юм. Тийм ч учраас Мөрдөн шалгах болон Гүйцэтгэх ажлын хэлтсийнхэн тэдэнд ямар нэгэн хэргийн талаар танилцуулга хийсэнгүйд ОНЗ-ийнхөн ундууцсан бололтой. Нэг бус хүн дээрх хоёр хэлтсийн дарга нарыг юм дуугарсангүй гэсэн аястай үг цухуйлгаж байв.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2014 онын нэгдүгээр сард, тодруулбал ОНЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа нарыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад гүйцэтгэх засаглалын зүгээс санал гаргаж, хуульд өөрчлөлт оруулан татан буулгасан билээ. Улмаар ЦЕГ, АТГ-т мөрдөн байцаах эрх мэдлийг нь шилжүүлсэн юм. Мөн өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор АТГ-ын шалгах хэргийн харьяаллыг тогтоож өгсөн юм. Ингэснээр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны чиг үүрэг АТГ-т ч, цагдаагийн байгууллагад ч бий болсон.
“Хөрөнгө мөнгө, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтээр зэвсэглэсэн улс төрийн бүлэглэлүүд хоорондоо уралцаж байгаа. Түүний өгөөш, зууш нь АТГ болоод байна. АТГ-ыг яаж харлуулах вэ гэсэн үйл ажиллагаа л явагдаж байна” хэмээн АТГ-ын дарга Х.Энхжаргал энэ үеэр хэллээ. Авлигын индекс өссөн нь улстөрчдийн өөрсдөдөө зориулж баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх хуультай холбоотой гэдгийг ч АТГ-ынхан өгүүлсэн юм.
ОНЗ-ийн зарим гишүүн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг УИХ-ын дарга М.Энхболдынд очсон бичлэгийнхээ талаар тайлбар өгөхийг шаардсан. Хариуд нь тэрбээр “Олон жил нөхөрлөж байна. Нөхөр журмын ёсоор 2017 оны нэгдүгээр сард шинэ жилийн дараахан очиж баяр хүргэсэн нь үнэн. Айлд очихыг хуулиар хориглоогүй. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнд гээд олон айлд очиж байсан” хэмээсэн юм.
Уулзалтын төгсгөлд ОНЗ-ийн дарга Г.Баасан сууж ажил явуулах өрөө АТГ-ынхнаас нэхэв. Өмнөх гурван зөвлөлийнхөн АТГ-ын байранд үйл ажиллагаа явуулж байгаагүйг энэ дашрамд онцолъё. Боломжийнхоо хэмжээнд судалж үзээд өрөө тасалгаа гаргаж өгөх болсноор энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.