
Монгол Улсын түүхэнд хар толбо үлдээсэн хэлмэгдүүлэлтийг харуулсан “Мартах эрхгүй, давтах ёсгүй” үзэсгэлэн Монголын Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд 80 гаруй эд өлгий зүйлс, 10 гаруй баримт бичиг, кино дүрслэх зэрэг бичлэг, түүхэн гэрэл зураг зэрэг үзмэрүүдийг энэ сарын 27-ныг хүртэл олон нийтэд дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Цагаатгалын комиссын анхны дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын удирдлагууд, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооныхон, Гандан тэгчлэн хийдийн лам нар, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Цагаатгалын комиссын анхны дарга асан Р.Гончигдорж: "Хэлмэгдүүлэлт гэж юу болох, хэн, хэрхэн өртсөн талаар үнэнийг өгүүлэх “Мартах эрхгүй, давтах эрхгүй" үзэсгэлэнгээ нээж байгаадаа таатай байна. Хэлмэгдүүлэлт нэгэнт болоод өнгөрсөн, одоогийн бидэнд хамаагүй гэж бодох эрх бидэнд байхгүй. Тиймээс энэхүү үйл явдлыг сануулах, өнөөгийн бидний эрх чөлөө ямар өндөр үнээр олдсоныг харуулах зорилготой юм. Монголын төрийг шинэ цагт нь авч явах хүмүүс тэр цагт хэлмэгдэн үгүй болсон. Тэдгээр гэгээнтнүүд маань үгүй болох нь цагийн эрх байсан. Харин түүнийг сэргээж, дурсаж, дахин давтахгүй байх үүрэг бидний үед ирсэн билээ. Ийм учраас үнэхээр бид энэ хэлмэгдүүлэлтийг давтах эрхгүй, мартах ёсгүй юм. Тэр гэгээн сайхан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэе, түүх шастирыг сөхөж харцгаая. Тэднийхээ үлдээсэн хамгийн том сургамжийг дахин давтахгүйн төлөө сахиж явцгаая” гэв. Мөн түүнчлэн энэ онд 1987 оны хэлмэгдүүлэлт эхэлсэн 80 дахь жил тохиож байгаа юм. Бүрэн бус мэдээгээр 37000 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэгээс 31220 хүнийг цагаатгаад байна.
.jpg)
