
НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Азийн форум” ТББ-ынхан гишүүн байгууллага болох “Хүний эрх хөгжил”, “Глоб интернэшнл” төвтэй хамтран энэ сарын 2-3-нд нэгэн чухал, томоохон арга хэмжээ зохион байгуулсан нь Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний III зөвлөгөөн байв. Иргэний нийгмийн байгууллагын болон хүний эрхийг хамгаалагч 60 гаруй төлөөлөл оролцсон эл зөвлөгөөнөөс гарсан шийдэл, үр дүнгийн талаар өчигдөр зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээллээ. Монголд хүний эрхэнд хамгийн ихээр халдаж, иргэдийг хохироож буй зургаан хүчин зүйл бий, тэдгээрийг шийдэхэд гойд анхаарах хэрэгтэй гэж оролцогч талууд үзжээ. Үүнд, уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтын ажил, баталгаагүй хүнс, гэр бүлийн хүчирхийлэл, эрүүл мэндийн үйлчилгээ, улс төрийн оролцоо, ялгаварлан гадуурхах үзэл зэрэг багтсан байна.
Хүний эрхийг хамгаалагчдын III зөвлөгөөний нэг онцлог нь, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах талаар санал солилцсон аж. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хамгийн их ярих болсон хүнсний аюулгүй байдлын асуудал хэлэлцүүлгийн гол сэдэв болжээ. МАН-ын дэргэдэх стратеги, судалгааны төвийнхөн гэхэд л иргэд зохистой, аюулгүй хүнсээр хангагдах эрхээ эдлэхэд санаа тавьж, энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллага болон хүний эрх хамгаалагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн гэнэ. Мэргэжилтнүүд хүнсний бүтээгдэхүүний чанарыг шинжилдэг лабораториудыг төрийн байгууллагуудаас хараат бус болгох шаардлагатай гэж үзэн, энэ саналаа холбогдох байгууллагад уламжлаад байгаа аж. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний чанарт зөвхөн төрийн байгууллага бус, иргэд өөрсдөө хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж буй.
“Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн асуудалд тодорхой ахиц гарсан. Гэхдээ хүний эрхийг хамгаалагч болох сэтгүүлчид халдлага, сүрдүүлэгт өртөх тохиолдол гарсаар байгаа нь дан ганц хууль батлаад орхих бус, цогц хөтөлбөр шаардлагатай” гэж тэд онцоллоо.