
Энэ долоо хоногт барилгачдын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ талаар болон тус салбарын нөхцөл байдлын талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Барилгачдын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Монголын барилгын салбарынхны баярын өдөр жил бүрийн есдүгээр сарын эхний хагаст тохиодог. Энэ удаад барилгын салбарын 91 жилийн ой, “Барилгачдын баяр-2017” гэсэн малгайн дор баяраа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай яам баяраа угтаж, barilga.mn сэтгүүл, “Барилгачин” групптэй хамтраад “Мишээл экспо” төвд барилгынхны үзэсгэлэнг зохион байгууллаа. Уламжлал болсон энэ үзэсгэлэнгээс манай салбарынхан шинэ техник, технологи судалж, компаниуд хоорондоо холбоо тогтоон, бараа бүтээгдэхүүн худалдан авдаг юм.
Барилгынхны их цугларалт гэж нэрлэж болно. Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоотой хамтраад МҮЭСТО-д энэ сарын 8-нд үзэсгэлэн зохион байгуулна. Төр, төрийн бус байгууллага, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд оролцох юм. Нөгөөтэйгүүр энэ үзэсгэлэн нь Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 10 жилийн ойн хүрээнд хийж буй ажил. Тухайн өдөр Монголын барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулна.
Барилга угсралт, дэд бүтэц, инженеринг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн таван чиглэлээр шилдэг 10 аж ахуйн нэгжийг нэрлэнэ. Одоогоор 20 гаруй компанийн материал ирчихээд байна. Уламжлал ёсоор шилдэг аж ахуйн нэгжүүдийн тугийг Барилгачдын талбайд мандуулна.
-Барилгын салбарынхны байдал энэ жил ямаршуухан байна вэ. Орон сууцны барилга угсралт идэвхжихийг дагаад материалын үйлдвэрлэл хөгжсөн сайн үр дүн гарсан шүү дээ.
-Барилгын материалын үйлдвэрлэл эрс дээшилсэн нь үнэн. Эрэлт, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр буурснаас шалтгаалаад үйлдвэрлэл саарсан үзүүлэлт гарч байна. Эдийн засгийн нөөц бололцоо хумигдаж, төсвийн болон төсвийн бус, гадаадын хөрөнгө оруулалт буурснаас шалтгаалж, барилгын салбарын байдал амаргүй байгаа.
-Та төсвийн бус хөрөнгө оруулалт гэж ипотекийн зээлийн санхүүжилт багассаныг хэлээд байна уу?
-Ипотекийн зээлийн санхүүжилт хэрэгцээнийхээ гуравны нэгийг ч хангаж чадахгүй байгаа. Орон сууцны ипотекийн зээлд 4.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Ипотекийн зээлд 90 гаруй мянган өрхийг хамруулаад байна. Эргэн төлөлт сайн байгаа ч сард 20-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд хийж байна. Банкууд ипотекийн зээл олгохдоо нугалаа, хүнд суртал гаргаж байна гэсэн гомдол ирэх болсон. Аль болох нугалаа гаргахгүйг хичээж байгаа ч чадахгүй юм. Энэ жил 20 гаруй мянган орон сууц борлохгүй үлдэх тооцоо гарсан.
-Барилга, хот байгуулалтын яамныхан ОХУ, Өвөрмонголд айлчлах гэж байгаа гэсэн. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ямар яриа хэлэлцээ хийх вэ?
-ОХУ-ын Орон сууц, барилгын яам, манай яам хооронд хамтран ажиллах ажлын хэсэг байдаг. Ажлын хэсгийнхэн 2015 онд манайд хуралдсан. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ОХУ-д очиж хуралдах бэлтгэлээ хангаж байна. Хурлаар өмнө нь байгуулсан санамж бичгийнхээ биелэлтийг хэлэлцэж, хамтарч ажиллах хүрээгээ тодорхой болгох юм.
Манай талаас хэд хэдэн зүйлийг голлон ярилцахаар төлөвлөлөө. Оросуудтай хамтарч барьсан угсармал орон сууцыг дулаалах талаар ярилцана. Оросууд энэ асуудлаа шийдвэрлэсэн арвин туршлагатай. Мөн евро стандартыг нэвтрүүлсэн туршлагыг нь судлах, барилга, хот байгуулалтын бодлого, судалгааны чиглэлийн байгууллага бий болгох чиглэлээр хамтарч ажиллах санал тавина.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар зарим бүс нутгийн зургийг агаараас авахад хамтарч ажиллах санал тавих юм. Бас ОХУ-д цемент экспортлох талаар хөндөнө. Үүний дараа Өвөрмонголын Хөх хотод болох барилгын үзэсгэлэнд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг оролцохоор төлөвлөж байна. Энэ үеэр өмнө нь тохирсон санаачилгуудаа ажил хэрэг болгох, түргэтгэх, бодитоор эхлүүлэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна.
Засгийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн хангамжийн байгууламжийг Хятадын Засгийн газрын хоёр тэрбум юанийн хөнгөлөлттэй зээлээр хийх шийдвэр гаргасан. Үүнийг түргэтгэх, мөн Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хэлэлцээ хийнэ.