
Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ой өнгөрөгч баасан гаригт тохиолоо. БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран “Барилгын салбарын 91 жилийн ой, барилгачдын баяр 2017” арга хэмжээ зохион байгуулав. Энэ үеэр 2017 оны шилдгээр шалгарсан 10 аж ахуйн нэгж Барилгачдын талбайд тугаа залж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилсан юм.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан барилгын салбарын өмнө тавигдаад буй зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд барилгын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, барилгын материалын үндэсний үйлдвэрүүдийг шинээр байгуулан, хөгжүүлэхэд төрөөс онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийтдээ 10, Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гурван аймагт цэвэрлэх байгууламж барихаар ажлаа эхэлсэн зэрэг амжилтаар барилгачдын өдрөө угтаж байна” гэв.
Мөн энэ үеэр “ТОСК-999” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр “ТОСК” ТӨҮГ Дорноговь, Өмнөговь аймгуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилготой тус төслийн хүрээнд эхний ээлжинд Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд гурван давхар 9 айлын 6 блок, нийт 54 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сард эхлүүлнэ хэмээн ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй ярилаа.