
2017 оны есдүгээр сарын 6. Намрын шар наран дээрээс эгц төөнөсөн энэ өдрийн 11.00 цагийн үед тэнгэрт бүртийх ч үүлгүй. Аниргүйг эвдэн агаарт дохионы пуужин харвалаа. Тэртээд харагдах Баянзүрх хайрхны наагуур автомашин, техник хэрэгсэл тоос манарган явж буй нь үзэгдэнэ. Төв суурин газар, хотыг эзлээд байсан алан хядагчидтай Засгийн газрын цэргүүдийн хийсэн тэмцлийн үр дүнд хотоос дайжиж буй зэвсэгт босогчид ийнхүү дутааж яваа нь тэр аж.
Зүүнбаян, Баруун ухааг чиглэн зугтаж яваа тэднийг тосон Монгол-Оросын хамтарсан цэргийн багийнхан тулалдахаар бэлдсэн нь агаарт хөөрсөн дохио, “Мөндөр” гэсэн командаар террористуудын зүг шуурган гал буулгасан юм. Засгийн газраа эсэргүүцэн дайтагч алан хядагчид суурин газраас дайжин, өөр бүс нутагт очин шинэ Засгийн газар байгуулахаар оролдлого хийгээд бүтэлгүйтсэн нь энэ.

Монгол, Оросын хамтарсан цэргийн багийнхан танк, тийрэлтэт артиллерийн галаар дайсанд цохилт өглөө. Монголын танкчид эхэлж танк, миномётоор галлан террористуудын хэд хэдэн хуягласан машин, тэр дундаа алан хядах үйл ажиллагаанд зориулан тэсрэх бөмбөгөөр тоноглосон автомашиныг устгах тушаал дээд командлалаас өгсний дагуу “Т-55” загварын танк хөлөглөсөн манай дайчид дайсны “пикап”-ыг сөнөөлөө. Энэ үед сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцэж, хоёр улсын хамтарсан цэргийн багийнхны зүг их буу, пулемётоор буудаж, угтан байлдах үүрэгтэй цэгүүдийн ойролцоо сум нь тусан дэлбэрч байв.

Үүний хариуд Оросын цэргүүдийн дэмжлэг үзүүлэх хэсгийн дайчид тийрэлтэт артиллерийн зэвсэг болох “БМ-21” буюу бидний нэрлэж заншсанаар “Катюша”-аар мөндөр буулгалаа. Ингэснээр дайснуудын давшилт сарниж, эмх замбараагүй байдалд орсон. Гэхдээ “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр нисгэгчгүй хэрэгслээр хоёр улсын хамтарсан цэргийн багийнхны эсрэг тагнуулын нислэг үйлдсэн юм. Түүгээр ч зогсохгүй, өөр нэг амиа золиослогч тэсрэх бодистой автомашинаар дайрсан. Монголын Зэвсэгт хүчнээс томилогдсон тогтоон барих бүлгийнхэн танкаар амиа золиослогч суусан автомашиныг устгаж, зенитийн салааныхан тагнуулын онгоцыг нь сөнөөв.

Ингээд манай Зэвсэгт хүчний гол бүлгүүд дайрч, алан хядагчдыг устгахаар довтоллоо. Энэ үед террористууд манай нэг танкийг онож, багийнхныг нь шархдуулав. Манай эмнэлгийн бүлгийнхэн шархадсан цэргүүдээ тулааны талбараас авсан бол, оросууд гэмтсэн танкийг нь тэндээс татан гаргалаа. Ингээд “Катюша”-ын дэмжлэг доор хоёр улсын хамтарсан цэргийн багийн хөнгөн хуягттай явган цэргүүд дайран орж, дайснаа даран террористуудыг толгой өндийх сөхөөгүй болгов.
Энэ бол Монгол-Оросын Зэвсэгт хүчнийхэн хамтран жил бүр зохион байгуулдаг “Сэлэнгэ” сургуулийн төгсгөлийн шатны байлдааны буудлагын оргил үе байлаа. Наймдугаар сарын 26-наас эхэлсэн энэхүү хамтарсан сургуульд хоёр талын 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож, Их говийн гарнизоны олон жил “унтаа байсан” газар нутгийг цочроож өгсөн юм.

Энэ үеэр говь, цөл, тал, хээрийн бүсэд байлдааны ажиллагаа хэрхэн явуулах туршлагаасаа орос ах нар манайхантай хуваалцсан гэхэд болно. Яагаад гэхээр гурван жилийн өмнөөс Сирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа нь цөлөрхөг бүсэд болж байгаа бөгөөд тэнд тулалдаж буй арга тактикаа манай Зэвсэгт хүчнийхэнд зааж сургасан аж. Харин манайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй арга туршлагаасаа хуваалцлаа.
Энэ хамтарсан сургуулийн байлдааны буудлагатай хээрийн сургуулийг үзэж сонирхохоор Зүүнбаянгийн дивизэд алба хааж байсан бэлтгэл дайчид мөрдэсгүй ч гэсэн цэргийн хувцсаа өмсөн ирцгээсэн байв. Зүүнбаянгийн дивиз гэж байхад тэнд алба хааж байсан бэлтгэл түрүүч нэг эр “Үнэхээр сайхан үйл явдал болж байна. Орос ах нар энд ингэж хамтарсан сургуулилалт хийлгүй олон жил өнгөрчээ. Буудлага ч сайхан боллоо. Нэг хэсэг тасалдаад байсан хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа сэргэж буй нь эндээс тод харагдаж байна” хэмээлээ.

1990-ээд онд ЗХУ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ цомхтгож, Монголоос цэргээ гаргасан. Энэ үед Сайншанд, Чойр, Шивээговь зэрэг газарт байсан Зөвлөлтийн 39 дүгээр армийнхан нутгаа зорьцгоосон. Түүнээс өмнө Зүүнбаянгийн дивизийн сургалтын төвд хоёр орны цэргүүд хамтран хээрийн сургууль хийж хэвшээд байсан билээ.
Оросын цэргүүд гарснаас хойших 27 жилийн хугацаанд тус улсаас зэвсэг техниктэйгээ цэргийн баг тэнд очоогүй байв. Оросууд энэ удаад 100 гаруй тооны зэвсэг болон техник хэрэгсэл, тухайлбал, хуягт тээврийн хэрэгсэл “Т-72В3” загварын танк, миномётын батарей, “БМ-21 Град” тийрэлтэт артиллер ашигласан. Харин манай тал хадгалалтад байсан “Т-55” танк, БМП-гээ гаргаж оролцуулсан юм.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат “Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” сургууль энэ жил 10 дахь удаагаа боллоо. Жилээс жилд сургуулилалтын агуулга баяжиж, оролцогчдын тоо өсөж байна. Энэ удаад хил дагуу говь, цөлийн бүсэд хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх шинэлэг арга ажиллагаа явууллаа. Хамтарсан сургууль цэргийн алба хаагчдын найрсаг харилцааг сэргээхээс гадна үндэсний соёл, ёс заншлаа сурталчлан таниулдаг олон талын ач холбогдолтой арга хэмжээ” гэсэн юм.
Оросын талаас Дорнод Сибирийн цэргийн тойргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, штабын дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Тус тойргийн командлагч, хурандаа генерал С.Суровкин өдгөө Сирид ОХУ-ын Зэвсэгт хүчний явуулж буй байлдааны ажиллагааг удирдан ажиллаж буй учраас штабын дарга нь ирсэн бололтой.
А.Ю.Чайко “Дэлхий нийтэд аюул тарьж буй терроризмтой хийх тэмцэлд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилалт ач холбогдолтой. Манай хоёр улс ах дүүгийн сайн харилцаанаас гадна бие биедээ хүнд хэцүү цаг үед нь тусалж ирсэн түүхтэй. Одоо ч бие биедээ тусалж байх болно” гэсэн юм.
Энэ хээрийн сургуулилалтыг ажиглахаар ирсэн БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны цэргийн аттеше, ахлах хурандаа Бао Юи Хай “Терроризмтой тэмцэх бол дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал. Тиймээс манай мөнхийн хөрш Монгол Улс, ОХУ-ын хамтарсан хээрийн сургуулилалт амжилттай болж өнгөрлөө. Цаашид хоёр улсаар тогтохгүй хил залгаа гурван улс хамтран терроризмтой тэмцэх чиглэлээр хамтарсан сургууль хийх санал тавьж байна” гэв.
2008 оноос “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэй болсон Монгол-Оросын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилалт ийнхүү Монголын говийн бүсэд цагтаа олон мянган цэрэг хуарагнаж байсан Зүүнбаянгийн Их говийн гарнизонд амжилттай явагдлаа. Жил бүр нутаг сэлгэн явагддаг “Сэлэнгэ” ирэх жил ОХУ-ын нутагт болох юм.