
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Б.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 цэргийн баг бүрэлдэхүүн эх орондоо энэ сарын 11-нд эргэн ирлээ.
Суданы байдал хурцадмал буй энэхүү нэг жилийн хугацаанд амжилттайгаар энхийг сахиулсан тэдэнд Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. НҮБ-ийн олон үндэстний хүчний командлалаас ч удаа дараа сайшаагдан ирсэн эрэлхэг залуусаараа бахархахын сацуу санаа зовнин хүлээсэн тэдний ар гэр болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлагууд хүлээн авлаа.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-аас олгогдсон мандатын дагуу цагийн байдлын хувьсамтгай, тогтворгүй нөхцөлд олон мянган дүрвэгчдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахын зэрэгцээ сөргөлдөгч талуудын хэд хэдэн удаагийн бодит аюул заналыг шуурхай таслан зогсоож, эрдэнэт хүний амь насыг аварч Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөснийг сайшааж буйгаа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
§ Зэвсэгт хүчний 124-р ангийн эмнэлгийн дарга, хошууч Баатарын Гэрэлчулууныг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
§ Зэвсэгт хүчний 17-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Мэндийн Батдорж, Зэвсэгт хүчний 345-р ангийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор,
§ Зэвсэгт хүчний 089-р ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Сүхээгийн Азай, Зэвсэгт хүчний 311-р ангийн ахлах тогооч, дэд ахлагч Бямбасүрэнгийн Алтанзаяа, ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын ажилтан, ахмад Түмэнзоригтын Амарсайхан, Зэвсэгт хүчний 186-р ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Өлзийдүүрэнгийн Ариунбаяр, Зэсвэгт хүчний 014-р ангийн зэвсэг, техникийн дарга, ахлах дэслэгч Кайналын Аямурат нарын зэрэг нийт 36 хүнийг Цэргийн хүндэт медалиар,
§ ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж, Зэвсэгт хүчний 339-р ангийн цахилгаанчин, гагнуурчин, дэд ахлагч Цэгмэдийн Адъяамөнх, Зэвсэгт хүчний 256-р ангийн цахилгаанчин, ахлагч Болдбаатарын Адъяахүү, Зэвсэгт хүчний 065-р ангийн офицер, ахмад Цэдэнбалын Ажмянган, Зэвсэгт хүчний 330-р ангийн буудагч, дэд ахлагч Алтанчимэгийн Азжаргал, Зэвсэгт хүчний 016-р бригадын харуулч, дэд ахлагч Чимэддамбын Азжаргал нарын зэрэг 490 энхийг сахиулагчийг Энхийн төлөө медалиар шагналаа.



Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ротын ахлагч Н.Мөнх-Эрдэнэ "Бид 2016 оны наймдугаар сарын 30-нд Суданд 850 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр очсон. Биднээс гадна олон улсын энхийг сахиулагчид нийт арван мянга гаруй цэрэг энэхүү ажиллагаанд оролцсон. Дээрээс халуун нар шарж дэргэд халдлага гараад л... Энхийг сахиулах ажиллагааны үеэр Суданы дотоодын хагарал болон цэргийн эрх булаах оролдлого, энгийн иргэдийг барьцаалах, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, цэргийнхэнд гэмт бүлэглэлийхэн халдан буу тулгах нь энүүхэнд. Энэ бүхний ард гарсандаа баяртай байна" гэв.