
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын ивээл доор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” зохион байгууллаа. Албаны хүмүүс болон эцэг, эхийн 500 төлөөлөл оролцсон тус зөвлөгөөнөөр эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшлийн талаар болон монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцсэнээрээ онцлог.
Мөн БСШУСЯ, ЦЕГ, ОБЕГ, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн, “Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан” ТББ-ын төлөөллийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн нь ач холбогдолтой аж. Энэ үеэр “Хүнээр хүн хийх монгол ухаан”, “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд нөлөөлөх нь”, “Хүүхдийн насны үе шат бүрт тулгардаг эрүүл мэндийн асуудал, эмнэлэг, гэр бүлийн харилцаа” зэрэг сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавив.
Энэ үеэр эцэг, эхийн төлөөлөл Б.Алтантүлхүүр “Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас оролцож байна. Улс орны эдийн засаг чухал боловч түүнээс илүү чухал зүйлийн хажуугаар бид мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг амьдарч байна. Тэр бол хүүхдийн хүмүүжил. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хүмүүжилд бид онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй. Тэд гэмт хэрэг хийж, гэмт хэргийн хохирогч ч болж байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим орчинд юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг тэр бүр анхаардаггүй. Энэ бүгдэд анхаарч, сэргийлэхээр үндэсний зөвлөгөөн хийж буй нь сайшаалтай. Тиймээс ч зөвлөгөөний дараа үүнд чиглэсэн олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.