
Монголчууд хүүхдийн төлөө хэрхэн нэгдэж чаддаг, сэтгэл, зүтгэл байвал богино хугацаанд ямар их ажил амжуулж болдгийг “Лантуун дохио” ТББ-ынхан нийгэмд үлгэрлэлээ. Тэд энэ оны нэгдүгээр сараас “Ид шидийн орон” төсөл хэрэгжүүлж, нэг тэрбум 21 сая гаруй төгрөгийн хандив цуглуулан, хүүхэд хамгааллын цогцолбор байгуулснаа өнгөрсөн амралтын өдөр нээлээ. Санхүүгийн гацаанд орчихсон, эсвэл улсаас төсвийг нь шийдчихсэн атал хэдэн он дамжин сунжирсан бүтээн байгуулалт манайд өчнөөн бий. Харин эл цогцолборыг дэлхийн өнцөг булан бүрт буй монголчуудын хандиваар хагас жил хүрэхгүй хугацаанд барив.
Зорилтот бүлгийн болон амьжиргааны түвшин доогуур өрхийн, хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй нөхцөлд амьдардаг, яаралтай тусламж, хамгаалал хэрэгтэй хүүхдүүдэд хүрч ажиллах нь уг төслийн зорилго. Ингэхдээ тухайн хүүхдэд нэг, хоёр удаа туслаад орхих бус, тэдний боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд санаа тавьж, цогцоор нь шийднэ хэмээн “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлсэн юм. Энэ зорилгоос үүдээд “Ид шидийн орон” цогцолборт өв соёлын “Монгол уламжлал” гэр сургууль, тоглоомын талбай, саравч, усан оргилуур, сургалтын танхим, номын сан, хөгжмийн танхим гээд хүүхэд сурч боловсрох, хөгжих таатай орчин нөхцөл бүрдүүлсэн байна. Түүнчлэн цогцолбор дахь барилгуудыг зун нарны эрчим хүч, хүйтний улиралд тосон халаагуураар халаах гэнэ. Мөн саарал ус ашиглах технологи нэвтрүүлсэн бөгөөд цаашид хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлэх аж.
Сонгинохайрхан дүүргийн X хороонд сүндэрлэсэн хүүхэд хамгаалал, хөгжлийн байрны бүтээн байгуулалт бүрэн дууссан. Харин үйл ажиллагааг нь ирэх сараас жигдрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийнхөн холбон зуучлах, түр хамгаалах үүргээ биелүүлж, мэргэжилтнүүд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч, сурагчид, эцэг, эхчүүд рүү чиглэсэн боловсрол, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.