
Манай улсад харааны бэрхшээлтэй 116 мянган иргэн байдгаас хөдөлмөр эрхэлдэг нь таван хувь ч хүрдэггүй аж. Хараагүй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжин, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Засгийн газар өнгөрсөн оноос төсөл хэрэгжүүлж, тэдэнд зориулсан орон сууц бариулахаар болсон юм. Тэгвэл эл барилгын ажил дуусаж, иргэд шинэ сууцандаа орох боломжтой болжээ. Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүй иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төвийн дэргэд байрлах 90 айлын орон сууцны нээлт өнөөдөр болно. Ингэснээр Хараагүй иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төвд ажиллахын тулд холоос зорьж ирдэг иргэд ажлынхаа дэргэд гэртэй болох юм.