
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллах шалгалт өгчээ. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн зургаан сул орон тоонд 12 улс өөрийн нэр дэвшигчийг сойсон бөгөөд Ази тивээс Монгол, Японы хульчид нэр дэвшээд буй юм. Тэдний хэн нь Гаагын шүүхэд шүүгчээр ажиллахыг арванхоёрдугаар сарын 4-14-нд Нью-Иорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах 16 дугаар Ассамблейн нэгдсэн хуралдаанаар гишүүн улсуудын дунд санал хураах замаар санал хурааж байж шийдэх аж.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас энэ оны гуравдугаар сарын 7-нд тус шүүхийн шүүгчийн зургаан сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар болсон аж. Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс долдугаар сарын 16-ны хооронд явагдсан.
Шүүгч Ч.Хосбаярыг нэр дэвшүүлэх ажиллагаа Монгол Улсын Засгийн Газар, ГХЯ-ны тусламжтайгаар амжилттай явагдсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Нидерландын Вант улсын Гааг хотноо олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй нэр дэвшигчидтэй хийх зөвлөлгөөн, тус шүүхийн Нарийн бичгийн даргын газрын Шүүгчийг шалгаруулах зөвлөх хорооноос зохион байгуулсан ярилцлагад амжилттай оролцжээ.
Монгол Улс Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж, Олон улсын эрүүгийн шүүхийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан юм. Одоогоор 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгджээ. Ромын дүрмээр гишүүн улсууд “төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг” үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм.
Хэрэв өвөл хуралдах Ассамблейн үеэр олонхын санал авч чадвал Олон улсын шүүхэд шүүгчээр ажиллах анхны хуульч болно. Хуульчдаас хоёр дахь нь болох юм. Түүнээс өмнө Гааг хот дахь Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр Н.Орчлон ажиллаж буй.
Шүүгч Ч.Хосбаярын хувьд өмнө нь прокуророор ажиллаж байгаад шүүгч болсон, олны анхаарал татсан олон ноцтой хэргийг шийдвэрлэж байсан нэгэн юм.