Хулгайн анг бууруулах зорилгоор Өмнөд Африкийн их сургуулийн судлаачид хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхэж эхэлсэн байна. Энэ нь тухайн амьтанд сөрөг нөлөөгүй бөгөөд хил гаалиар хирсийн эврийг хулгайгаар нэвтрүүлдэг гэмт хэргийг зогсоох боломжтой хэмээн үзэж буй аж. Витватерсрандын их сургууль, цөмийн эрчим хүчнийхэн, байгаль хамгаалагчдын хамтран хэрэгжүүлж буй “Rhisotope project” гэх төслийг өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлж, нийт таван хирсийн эвэрт бодис шингээсэн гэнэ. Өнгөрсөн жил 20 орчим хирсийг эл аргаар авран, хамгаалжээ. Уг бодис нь өчүүхэн бага хэмжээтэй байсан ч хилийн цацраг идэвх хэмжигч багажид түргэн хугацаанд илэрдэг тул хулгайн анчид зугтах аргагүй болж буй аж. Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн тооцоолсноор, XX зууны эхэнд 500 мянга орчим тоо толгойд хүрсэн хирс өнөөгийн байдлаар 27 мянга болж буурчээ. Хирсийн тоо толгойгоор Өмнөд Африк дэлхийд тэргүүлдэг. Гэвч энэ улсад жил бүр 500 гаруй хирс хулгайн ангийн золиос болдог байна.
Д.Сэлэнгэ