УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр, "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй. Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан. Үнэнийг хэлье. "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар энэ Ерөнхийлөгч чинь дахин сонгогдох нөхцөлөө бүрдүүлэх гээд байна шүү дээ" гэдэг үгийг хамгийн анх Г.Занданшатар ЕС-д орж ирж хэлсэн.
Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгах ажлыг эхлүүлж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг талцуулсан.
Би Б.Энхбаяр гишүүний ярилцлагыг үзээгүй, үзэх шаардлагагүй. Яаж гүтгэхий нь мэдэж байсан. Надтай ижил нэртэй хүнийг андуурч барьж хэрэг үүсгэсэн бол хууль хяналтын байгууллагын байгаа царай энэ л байна. Арай тийм зүйл болоогүй байлгүй дээ.
Миний ойрын хүмүүсээс цагдан хориогүй. Найзалж байсан, хамт зураг даруулсан үндэслэлээр бол барьж хориод байх шиг. Асуудал байвал надтай ярь. Бизнес хийх гэж махаа зулгааж байгаа хүмүүсийг бариад, “Амарбаясгалантай яагаад зураг авхуулсан, төрсөн өдөр дээр нь очсон бэ?” гэж асуух бол ажил биш ээ. АТГ баримт байгаа бол гаргаж ирээд шалга, намайг тат л даа. Манай хууль хяналтын байгууллагынхан нэр хаяггүй сошиал хуудсаар дамжуулж ялладаг байдал хэрээс хэтэрсэн. Үүний нэг зовлонг би үүрч явна.
Талийгаач болсон хүний нэрийг их хөндөж байна. Талийгаач Хасбаатар гэж хүнтэй манай дүү нар уулзаагүй. УИХ-ын гишүүн Н.Энхбаяр Хууль зүйн сайд байхдаа энэ бүхнийг яагаад шийдэж, шалгаагүй юм бэ? Энэ хүн олон нүүртэй. Хоёр байтугай 20 нүүртэй. Өнөөдөр энд ийм зүйл ярьж байгаадаа ичиж байна" гэлээ.